“III амаржих газар сул зогсолт хийж байна”

Хуучирсан мэдээ: 2012.07.24-нд нийтлэгдсэн

“III амаржих газар сул зогсолт хийж байна”

Нийслэлийн III амаржих газрыг өнгөрсөн тавдугаар сарын 28-наас эхлэн засварлаж эхэлсэн. Уг засварын ажил энэ сарын 05-нд дууссан байна. Гэвч өнөөдрийг хүртэл амаржих газар үйл ажиллагаа явуулж эхлээгүй байгаа аж. Энэ талаар Нийслэлийн III амаржих газрын ерөнхий эмч, Клиникийн профессор, анагаах ухааны магистр Д.Бат-Очиртой ярилцлаа. 

-Танай засварын ажил хэзээ дууссан юм бэ? Ямар учраас эмчлүүлэгчдээ хүлээж авахгүй байгаа вэ?

-Нийслэлийн III амаржих газрын засварын ажлыг өнгөрсөн тавдугаар сарын 28-наас эхлэн энэ сарын 05-ны өдөр хүртэл хийхээр төлөвлөсөн байсан. Засварыг хөрөнгө орлогын газрын тендэрт ялсан РТС гэдэг компани 89 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн. Засварын ажил бол энэ сарын 05-нд буюу хугацаандаа дууссан ч Нийслэлийн эрүүл мэндийн газрын тушаалын дагуу бид дээрхи хугацаанд үйл ажиллагааг явуулахгүй, эмнэлгийг түр хугацаагаар хаасан.

-Яагаад?

-Эрүүл мэндийн сайдын тушаал болоод манай амаржих газрын стандартаар амаржих газрыг зургаан сар тутамд 14 хоног хааж ариутгадаг. Энэ журмын дагуу энэ сарын 05-наас эхлэн 20-ныг хүртэл амаржих газрыг ариутгаж, угаалга цэвэрлэгээ хийсэн байгаа. Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолд аж ахуй нэгж өөрсдөө хяналтын албыг зохион байгуулан өөрсдийгөө давхар шалгаж болно хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл, өөрөө өөрсөддөө хяналт тавина гэсэн үг. Энэ дагуу бид дотоодын хяналтаа эрүүл зүйн шинжилгээ буюу агаар арчдасын шинжилгээ өгсөн. Мөн хөндлөнгийн буюу гадаад хяналтад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторид нь шинжилгээ өгсөн юм.

-Шинжилгээний хариу гарсан уу?

-Шинжилгээний хариу эерэг гарсан. Тиймээс бид өөрсдийн эмч, эмнэлэгийн ажиллагсадын бэлэн байдал, эм тариа, цус цусан бүтээгдэхүүний бэлэн байдал, багаж тоног төхөөрөмжийн ариутгал, цагаан хэрэглэл гэх мэт зүйлсийг дискамерт ариутгах гэх мэт бүх төрлийн үйл ажиллагааг хийж дууссан. Мөн манай байгууллагын удирдлагын баг, халдвар хяналтын баг, эмчилгээ чанарын багууд хуралдан холбогдох бичиг баримт, хүсэлтээ Нийслэлийн эрүүл мэндийн газарт хүргүүлсэн.

-Нийслэлийн эрүүл мэндийн газраас танай амаржих газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн гэсэн. Үнэн үү?

-Нийслэлийн эрүүл мэндийн газрын холбогдох хүмүүс өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн III амаржих газарт хүрэлцэн ирж, бодит байдалтай танилцсан. Ингээд өчигдөр Нийслэлийн эрүүл мэндийн газраас III амаржих газрын үйл ажиллагааг нээн, үргэлжлүүлж болох юм гэсэн урьдчилсан шийдвэр гаргасан. Гэвч Эрүүл мэндийн газрын хяналтын албанаас биелүүлбэл зохих хэд хэдэн  зүйлүүдийг шаардсан. Тиймээс бид ажиллах зөвшөөрлөө авч чадаагүй байна.

-Яг ямар шаардлага тавьсан бэ?

-Хэд хэдэн шаардлагыг тавьсан л даа. Тодруулбал, мэс заслын өрөөний агааржуулалт, мөн мэс заслын өрөөний урсгал буюу орох, гарах хаалга, өвчтөний явах талбай гэх мэт ажлууд дутуу байна үүнийгээ эргэж хар гэсэн.

-Засварын ажил дуусчихсан байдаг. Дээрхи шаарлагыг биелүүлэхэд багагүй хугацаа, төсөв шаардагдах биш үү?

-Дээрхи шаардлагуудыг биелүүлэх ямар ч боломжгүй юм. Тухайлбал энэ барилга бол 1955 онд ашиглалтад орсон. Хана нь 1.2-1.5 метрийн зузаантай, модон дээвэртэй. Жишээ нь агааржуулалтын систем суурилуулахын тулд ханыг өрөмдөх шаардлагтай. Хэрэв тэгвэл энэ барилга нурах аюултай гэсэн. Энэ мэтчилэн томоохон асуудлууд тулгараад байна. Угаасаа л энэ барилга нь зориулалтын бус барилга шүү дээ.

-Саяын засвараар зөвхөн барилгад засвар хийсэн үү?

-Эрүүл мэндийн сайдын 2010 онд батлагдсан Амаржих газрын стандарт байдаг. Манайх зориулалтын бус барилга учраас энэ стандартад нь нийцэхгүй байгаа юм. Энэ удаагийн засвар бол дээрхи стандартад дөхөх анхны алхам байсан.

-Та амаржих газрын орчин нөхцөлийг  тун тааруу гэлээ. Энэ нөхцөлд эх, хүүхдэд ямар нэгэн хүндрэл тохиолдож байсан уу?

-Хүндрэл гэдэг нь харьцангуй ойлголт. Сүүлийн жилүүдэд манай эмнэлэгт мэс заслын шарх идээлэх, хүндрэх тохиодол илт ажиглагддаг болсон. Энэ нь ачаалал ихэсч байгаатай холбоотой юм. Манайх  45 ортой манайд 100 гаруй хүн үйлчлүүлсэнээс үүнээс 52 хувь буцаж байгаа харин үлдсэн 48 хувь нь хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тэгэхээр дараагийн хүнийг хэвтүүлэн, эмчлэхийн тулд эмчилгээг яаравчлах, автоматаар түргэсэсгэх тохиолдлууд ч байдаг. Үүнээс болж зарим хүндрэлүүд гардаг юм. Заримдаа хүн дутуу эмчлэгдээд гарна. Амаржсан эхчүүдийг гэрт нь хурдан гаргачихаар манайханы амьдран суудаг орчин нөхцөл тааруу, хүүхнүүдийн эрүүл мэнд сайнгүй байдаг зэргээс хэд хэдэн хүндрэл гардаг. Баярлууштай нь өнөөдрийн байдлаар халдвараас шалтгаалсан эхийн эндэгдэл гараагүй байна.

 -Танай ажилчид I амаржих газарт шилжин ажиллаж байгаа юу?

-Манайх 120 ажилтантай. Тэдний 65 хувь нь Нэгдүгээр амаржих газарт ажиллаж байгаа. Үлдсэн хэсэг нь өнгөрсөн хугацаанд амралтаа авсан, барилгын ажилд тусалсан. Гэтэл өнөөдөр амарсан хүмүүс хүрээд ирсэн, барилгын ажил дууссан. Энэ хүмүүс хийсэн ажилгүй хий хоосон цалин аваад л байж байна. Өдөрт ирж цагаа бүртгүүлээд угааж арчихаас өөр хийх ажилгүй байна. Нэг ёсондоо сул зогсолт хийж байна.

-Хэзээнээс энэ байранд амаржих газрын үйл ажиллагаа явуулж эхэлсэн бэ?

-Энэ барилга нь 1955 онд ашиглалтад орсон гэсэн. Манай амаржих газар энэ барилгад 2000 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Одоо бид өнгөрсөн 2011 оны тавдугаар сарын 27-нд шавийг нь тавьсан 150 ортой Гуравдугаар амаржих газар хурдан ашиглалтад ороосой гэж л хүлээж сууна. 150 ортой Гуравдугаар амаржих газрын барилгын шавыг өнгөрсөн оны тавдугаар сарын 27-нд тавьсан. Төлөвлөгөө ёсоор бол энэ оны гуравдугаар сард ашиглалтад орох байсан юм.

-Гуравдугаар амаржих газар ашиглалтад орох юм бол энэ стандартын бус барилгад мөнгө зарцуулж засварлах шаардлага байсан юм уу?

-Наадах чинь зүй ёсны анхаарал татсан асуудал юм. Одоо бол тэр шинэ амаржих газрын зөвхөн суурь буюу арматурын төмөр л сарайгаад харагдаж байна лээ.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж