Дэлгүүрийн лангуун дээр хоёр хүүхэн ярилцаж байна. “Цалингаа буухаар хонины ганц хаа авч хэдэн хүүхдийнхээ хорхойг дарахаас” гэж хаанд хамаг цалингийнхаа хагасыг нь өгчихөөр үлдсэнээр нь яах болж байна.
-Өлсөж үхэлтэй биш, өгөхгүй гээд яахав… Энэ яриа бодит амьдралын нэг илэрхийлэл мөн. Өнгөрсөн өвөлжин, хаваржин бас зунжин махны үнэ галзурч байна. Ямааны шулсан мах 7000 төгрөг давчихаж. Сүүлчийн ганц зоосоо ходоодондоо хийдэг жаяг ёсоор амьдралынхаа эн тэргүүний хэрэгцээг арагш тавин хоногийн хоолныхоо маханд байдгаа барж, хоног өнгөрөөж байгаа өрх олон бий.
Саяхан манай улс 50 сая малтай болж, сонины нүүр буланд салбарын сайдынх нь баярын мэндчилгээ дурайж харагдсан. Үүнийг иргэдийн ихэнх нь олон малтай боллоо гэж гуяа алгадахаасаа илүүтэй махны үнэ хямдрах болов уу гэсэн итгэл горьдлогоор хүлээж авсан байх.
Мах бол монголчуудын хувьд үнэхээр онцгой бүтээгдэхүүн юм байна. Мал нь өслөө гээд мах нь хямдардаггүй, валютын ханш, энэ тэрээс огтхон ч үл хамаарна. Харин эрэлт хэрэгцээ бол хэзээд бэлэн байж байдаг. Гэхдээ энэ эрэлт үнэ өндөрсөх гол шалтгаан болоогүй.
Малыг хэрэглэх гэж өсгөдгөөс хадгалах гэж өсгөддөггүй. Тийм болохоор нийлүүлэлт багассан гэх магадлал бас бага баймаар. Мал өссөн, махны үнэ нэмэгдсэн урвуу хамаарлын учир шалтгаан юу вэ.
Орчин үед мэдээлэл сайн хөгжиж, хөдөөнийхэн хотынхоос дутахааргүй, өөрсдийнхөө үйлдвэрлэдэг бүтээгдэхүүн хотод ямар үнэ ханштай байгааг өдөр өдрөөр нь мэдээлэл аваад сууж байна. Малчны хотоос ачигдсан төлөг ченжээс ченжийн гар дамжин хотод очихдоо санаанд багтахааргүй өндөр үнэ хүрдгийг анзаарч мэдсэн малчид ядахдаа тал үнэд нь хүргэж өгөхийг бодно оо доо. Анхдагч үнэ малчны хотонд ийн өснө. Тэгээд ченжүүдийн дараалсан үнэ архины дугараа мэт ар араасаа хөвөрдөг аж. Мах дөрвөөс таван ченжийн гар дамжин, тэр бүр дээрээ ажиллагааны зардлаа тооцож, дээр нь олох ашиг нь нэмэгдэж баймаажин сая хэрэглэгчдийн гар дээр очдог. Ер нь Монголд аливаа үнэ ханшийг зах зээл нь бус ченжүүд л тогтоож байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Ченжгүй Монголын төлөө” гэж уриалж байсан санагдах юм. Уг нь сайхан сонсогдож байсан ч харамсалтай нь тэгсхийгээд мартагдчихлаа. Хөдөө аж ахуйн бирж гэж нэг “үлгэр” яригдаад л байгаа. Ажил хэрэг болох, амар сайхан жаргахын аль нь тодорхойгүй байна. Энэ бирж байгуулагдаад жинхэнэ утгаараа ажиллаад эхэлбэл эдийн засаг дахь ченжийн оролцоог зохицуулах боломжтой гэх юм билээ.
“Хүчит шонхор” захын махны наймаачдын ярьж байгаагаар бол “Махны нийлүүлэлт багассан, бас үнэ өндөр байгаа” гэлцэж байна. Нийлүүлэлт багассан гэдэг дээр олон хүн санал нэгдэж байна билээ. Хүмүүс гэр орноосоо илүүтэй гадуур хооллох болсон тул гуанз, цайны газрууд олноор бий болж байна. Үүнийг дагаж бөөнөөр худалдан авах эрэлт ихэссэн гэх хүн ч тааралдаж л байх юм.
Махны үнэ нэмэгдэхэд нөлөөлсөн өөр нэг хүчин зүйл нь төр засгаас хэрэгжүүлж байгаа халамж хайрын бодлого гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Хүний хөгжлийн 1.5 сая төгрөгөөр оюутнууд сургалтынхаа төлбөрийг гурван жил засгаар даалгасан, өндөр настан гэхчлэн зарим иргэдэд бэлэн мөнгө тарааж байгаа зэрэг нь малчдын малаа борлуулах хэрэгцээ шаардлагыг үлэмж хэмжээгээр багассгасан гэж байна. Гурван хүүхэд нь зэрэг сурч байгаа нутгийн маань танил сургалтын төлбөрөөс чөлөөлөгдснөөр жил бүр 20-иод хонь ямаа, эсвэл хоёр сайн шараа хэмнэж байна хэмээн ярьж байна билээ. Малчид ер нь бэлэн мөнгөөр бийлэгжүү байгаа гэнэ. Улсын төсвөөс малчдад хуваарилсан ноос ноолуурын мөнгө малаа мах болгох хэрэгцээг нь бүр ч багасгажээ. Мах асуусан, авах гэсэн нэгэнд нь өндөр үнэ хэлчихээд л авбал аваг байвал гэсэн янзаар сорьж сонждог болсон хэмээн мөнөөх ченжүүд гомдоллож байна билээ. Энэ мэт учир шалтгааны улмаас махны нийлүүлэлт багассан гэж байна.
Хил орчмын худалдаагаар махыг ил далд аргаар гадагш нь их гаргах болсон гэнэ. Өмнөговийн Баянадалай сумын малчин хилийн боомт руу аваачиж махаа борлуулдаг хэмээн ярьсан. Аймгаасаа 50 км хүрэхгүй зайтай амьдардаг хэрнээ 400 гаруй км-ийн алсад байгаа хилийн боомт руу хэдэн малын мах борлуулах гэж явна гэхээр гайхмаар л санагдаж байсан. Гэвч тэнд мах аймгаас илүү үнэтэй, унах ашиг нь их гэнэ. Хэдэн хот айл махаа нийлүүлээд явчихна.
Өвөл болохоор хятад иргэд өдий төдий тонноор нь мах нөөцөлж байгаа тухай мэдээлэл цувардаг. Энэ мах иймэрхүү ил далд байдлаар хил гардаг нь тодорхой. Махны үнэ нэмэгддэг бас нэг шалтгаан нь хууль бус экспорт аж. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ирэх оны гуравдугаар сар хүртэл махны экспортыг зогсоосон нь нөөцийн мах бэлтгэхээс ч илүү зохистой шийдэл болсон байж магадгүй. Махны үнийг нөөцийн махаар зохицуулах гэж хэдэн жил л оролдлоо. Үр дүн багатай хэдэн хүний хуйвалдаан, ченжүүдийг тэтгэсэн, иргэдийн дунд бол “гуягүй мах” гэсэн тодотгол дагуулдаг ийм аргаар махны үнийн бодлогод нөлөөлж чадсангүй. Юутай ч монголчууд махны үнэд бачуурч байгаа нь үнэн. Үнэтэй гээд идэхгүй байлтай биш.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин