Монгол Улс эко аяллыг хөгжүүлэх боломжтой

Хуучирсан мэдээ: 2012.07.24-нд нийтлэгдсэн

Монгол Улс эко аяллыг хөгжүүлэх боломжтой

Нэгдсэн Үндэстний төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Аялал жуулчлалын байгууллага (ДАЖБ)-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифай Монгол Улсад долдугаар сарын 20-нд албан ёсны айлчлалаар ирсэн бөгөөд өнөөдөр нутаг буцах юм байна. Айлчлалын хүрээнд ноён Талиб Рифай өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхан, “Нээлттэй Захидал” гардуулсан юм. Энэхүү захидалд Монгол орны аялал жуулчлалын хөгжлийн асуудал, цаашид Дэлхийн аялал жуулчлалын байгууллага Монгол Улсын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоос гадна Аялал жуулчлалын салбарын нийгэм эдийн засаг хөгжилд оруулж буй ач холбогдлын талаар дурдсан аж. Ерөнхийлөгчид бараалхах үеэрээ ДАЖБ-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифай “жилдээ нэг тэрбум хүн аялж, жуулчилж, 20 ажлын байр тутмын нэг нь энэ салбарынх байдаг. Тийм ч учраас эдийн засгийн өсөлт сайтай байгаа Монгол орон эко аялалыг хөгжүүлэхэд нэн тохиромжтой улс” хэмээн хэлсэн байна. Мөн айлчлалын хүрээнд өчигдөр аялал жуулчлалын менежментээр мэргэжсэн шинжээчид зөвөлгөөн хийсэн юм. Ийнхүү айлчлал хийх болсон нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Л.Гансүх ХБНГУ-ын Берлин хотноо болсон “Ай Ти Би – 2011” олон улсын үзэсгэлэнд Монгол Улс “Соёлын түнш” орноор оролцох үеэр Ерөнхий нарийн бичгийн даргыг Монгол Улсад айлчлахыг урьсанаас улбаатай ажээ.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллага нь улс орнуудын аялал жуулчлалын бодлого, практик туршлагыг солилцох нөхцлийг бүрдүүлэх, холбох үүрэг гүйцэтгэдэг ажээ. Нийт долоон тивийн 154 орон уг байгууллагын жинхэнэ гишүүн  бөгөөд Монгол Улс 1994 онд элсэн орсон байна. Монгол Улс тус байгууллагад элсэн орсоноос хойш 2008 он хүртэл гишүүний татварын өртэй байсаар ирсэн тухай албаныхан мэдээлж байна. Аялал жуулчлалын салбар Байгаль орчны яаманд шилжсэнээс хойш буюу 2008 оноос тус байгууллагын гишүүний татварыг төлөх асуудлыг эрчимтэй хөөцөлдсөнөөр 2011 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагад төлөх гишүүний татварын өртэй холбоотой судалгаа, тооцоог гаргаж,  нийт 459,4 сая төгрөгийн татварыг төлж барагдуулжээ. Ингэснээр Монгол Улс Дэлхийн Аялал жуулчлалын байгууллагад гишүүнчлэлийн татварын өргүй болсон ба тус байгууллагын бүрэн эрхэт гишүүн болсон аж. Ийнхүү бүрэн эрхт гишүүний хувьд олон улсын болон бүс нутгийн хэмжээнд Монгол Улсын эзлэх байр суурь дээшилж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, аялал жуулчлалын гадаад харилцааг эрчимтэй хөгжүүлэх боломжтой болж буй талаар албаныхан онцолж байна. 

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж