БНСУ-ын иргэний агаарын тээврийн “Korean Air” компани карго нислэгийн үнийг өөрчилснийг Канадын Өрсөлдөөнийг зохицуулах товчооны шинжээчид илрүүлж, 5.4 сая ам.долларын торгууль ноогдуулжээ. Канадын Өрсөлдөөнийг зохицуулах товчоо “Korean Air” компанийг Канадын өрсөлдөөнийг зохицуулах хууль болон 2002, 2006 онд байгуулсан хамтран ажиллах гэрээгээ зөрчсэн хэмээн үзсэн байна. Канадын Өрсөлдөөнийг зохицуулах товчооны комиссар Мелани Эйткений хэлснээр “Korean Air” компани нь олон улсын долоо дахь том иргэний агаарын тээвэрлэгч юм байна. “Korean Air” карго нислэгийн үнээ өөрчилсөн нь Канадын бизнес эрхлэгчид болон хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд ноцтой хохирол учруулж, шударга өрсөлдөөний хуулийг зөрчсөн гэж Канадын Өрсөлдөөнийг зохицуулах товчоо үзжээ. Шалгалтын явцад “Korean Air” компанийн үйлчилгээтэй холбоотой долоон зөрчил илэрсэн бөгөөд нийт 22.3 сая ам.долларын торгууль ноогдуулсан байна. Түүнээс гадна дээрх шалгалтаар “Cargolux”, “Air France”, KLM”, Martinair”, “Qantas” болон “British Airways” зэрэг компаниуд ч мөн карго нислэгийн үнийг нэмсэн нь тогтоогдсон байна. “Korean Air” карго нислэгийн үйлчилгээнээс 140 сая ам.долларын алдагдал хүлээснээ зарласнаас хойш нэг хоногийн дараа Канадын Өрсөлдөөнийг зохицуулах товчоо дээрх мэдэгдлийг гаргасан байна.
Н.ЭНХ