С.Мөнгөнцэцэг: Томоохон уралдаанд түрүүлэх виз олгосон нь Татьяанагийн дүр гэж билэгшээдэг

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

С.Мөнгөнцэцэг: Томоохон уралдаанд түрүүлэх виз олгосон нь Татьяанагийн дүр гэж билэгшээдэг

 Ард түмэн гэдэг чинь том шүүгч. Тэд хүлээн зөвшөөрөөгүй байхад хамаагүй гавьяа шагнал олгож болохгүй болов уу-

“Тийн
урвагч” хэмээх төмөр бар жилийн анхны зочноор Болгарын Пловдив хотод
зохиогдсон Пълдиний нэрэмжит залуу дуучдын олон улсын уралдааны II,
Македонийн Сколияд болсон фестивалын II, Болгарын Софид болсон “Христо
Брибаровын нэрэмжит уралдааны III, Болгарын Альбенад болсон “Итгэл,
найдвар авьяас” уралдааны III, “Учиртай гурван толгой” дуурийн шилдэг
дүрийн V уралдааны тэргүүн, Б.Ичинхорлоогийн нэрэмжит улсын уралдааны
тэргүүн, М.Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны тэргүүн байрын
шагналт МУГЖ С.Мөнгөнцэцэгтэй уулзаж ярилцлаа. Тэрбээр үндэсний өдөр
тутмын “Өнөөдөр” сониноос найм дахь жилдээ зохион байгуулсан үхэр
жилийн есөн алдартны нэгээр шалгарсан билээ.

-Сар шинэдээ сайхан шинэлсэн үү? Төрж өссөн нутаг ус, хүүхэд насны тань талаар яриагаа эхэлье?

-Сайхан
шинэллээ. Би Төв аймгийн Зуунмод суманд төрж өссөн. Хүүхэд нас маань
тэр үеийн хүүхдүүдийн л адил өнгөрсөн. Бүжиг драм, дуу хөгжим, жүжиг,
дугуй, хөл бөмбөг гээд зөндөө олон төрлийн дугуйланд явдаг байлаа.
Гэхдээ миний зан ийм биш л дээ. Тухайн үед өөрийгөө л эрэлхийлээд явж
байсан нь тэр юм шиг байна лээ. Ер нь их сониуч хүүхэд байсан. Айлын
ууган охин, доороо хоёр эрэгтэй дүүтэй болохоор багаасаа эгч хүнийхээ
үүргийг маш сайн ухамсарлаж өссөн. Энэ нь хожим надад үр өгөөжөө өгсөн
дөө. Миний аав, ээж жирийн нэг ажилчин гаралтай хүмүүс. Би дунд
сургуульд байхдаа сурлага сайтай хүүхэд байлаа. Бас удирдан зохион
байгуулах авьяастай байсан юм шиг байгаа юм. Салааны дарга, ангийн
дарга гээд л үүрэгт ажлууд их хийдэг байсан. Сүүлдээ энэ ажлаасаа
халшраад татгалздаг болсон.

-Хүний
амьдралын оргил үе оюутан нас болов уу гэж боддог. Энэ насандаа хүн
өөрөө өөрийгөө олж авдаг байх. Таны хувьд оюутан наснаасаа амьдралын
ямар ур ухаан олж авсан бэ?

-Үнэхээр
сайхан асуулт байна. 1994 онд Төв аймгийн IV сургуулийг төгсөөд СУИС-д
элсэн орсон. Аав ээжээсээ хол болохоор эхэндээ их хэцүү байсан. Оюутан
болоод оюутны байранд нэг л их эрх чөлөөтэй хүн болж хувирсан. Би нэг
хэсэг өөрөө өөртөө эрх чөлөө олгоод хичээлээ давтах нь бага, гадуур
зугаацах маань их болчихсон байсан. Тэгээд нэг өдөр гэнэт ухаараад энэ
бол уруудахын цондон гээд өөрийгөө ээжийнхээ эгчид тушаасан. Ээжийнхээ
эгчийнд амьдарч байх үед 1998 онд надад ховорхон аз завшаан тохиосон.
Тэгээд 1998-2006 онд Болгарын “Панго Владигеров”-ын нэрэмжит Хөгжмийн
академид суралцсан. Тэнд суралцаж байхдаа маш их зүйлийг ойлгосон.
Монголд СУИС-д суралцаж байхад багш нар маань алив чи уншаарай,
бичээрэй, бэлдээрэй гээд их захидаг байлаа. Ашиймаа багш маань намайг
миний эрх шар охин гээд их эрхлүүлээд алган дээрээ бөмбөрүүлдэг байлаа.
Гэтэл Болгарт тийм зүйл байгаагүй. Би хичээлээ уншина уу, уншихгүй
байна уу багш нарт маань огт хамаагүй. Нэг мэдсэн чинь би муу
оюутнуудын тоонд орчихсон байдаг байгаа. Тэгээд их ухаарсан. Өчнөөн
авьяастнаас хоёрхон хүүхэд шалгарч, Болгарт улсын зардлаар сурч байж
ингэж болохгүй гэж өөртөө хатуу шаардлага тавиад маш их хичээсэн. Ер нь
оюутан нас маань миний амьдралын оргил үе, ухаарлын он жилүүд байсан
гэж боддог.

-Социализмын үед гадагшаа явж
боловсрол эзэмшихэд нэг их хүндрэлгүй байсан. Харин таны сурч байсан
үед бол тийм ч амар цаг үе биш байсан?

-Тийм
ээ. Дөнгөж гадагшаа гарч сургах эхлэл тавигдаж байсан үе шүү дээ.
Намайг энд тааруу сураад байвал буцаагаад Монгол руу маань явуулчих
боломжтой гэдгийг ойлгосон. Энэ нь ч надад том сургамж болсон. Хойно
сурч байхад манай ангид Тони гээд их сурлага сайтай охин байлаа. Түүнд
би зөв цагаахнаар атаархаж, түүн шиг болох гэж хичээсний буянд бид хоёр
хоёулаа хамгийн өндөр зургаан оноо авч байсан. Ер нь хүн шартай байх
ёстой. Тэгж байж хөгжинө. Хамгийн гол нь зөв шар байх хүнд байх л
хэрэгтэй.

-Хүний нутагт олон жил эрдэм номын мөр хөөнө гэдэг амаргүй даваа байх. Аав ээжээ их санадаг байсан байх даа?

-Тэгэлгүй
яахав. Эхний зургаан сар дасч өгөхгүй хавдсан нүдтэй л хүн явдаг
байлаа. Эхэндээ хэл ус мэдэхгүй хэцүү л байсан. Хаана монгол оюутан
байна бараадаад л байдаг байсан. Эхний удаа би гурван жил болоод эх
орондоо ирсэн. Тэгэхэд Буянт-Ухаа онгоцны буудалд нэг өндөр шар хүүхэн
буусан чинь баахан хүмүүс пир хийгээд л хүрээд ирсэн /инээв/. Тэд нар
манай хамаатнууд байсан байхгүй юу. Тэгээд манай найзууд шоолоод намайг
300 хамаатантай гэдэг юм.

-Таныг 300 хамаатан тосч авсан хэрэг үү?

-Үгүй
ээ. Баахан олон хүн байхаар нь л 300 гэж явуулж байхгүй юу/инээв/.
Гэхдээ арай ч 300 хүрэхгүй байлгүй дээ. Манай аав, ээж ах дүү олонтой л
доо. Одоо ч гэсэн найзууд маань манай хүнд танай эхнэр чинь 300
хамаатантай гэдэг юм.

-Нууц биш бол гавьяатад маань олон хүн хайраа илчилсэн байх?

-Харин
ч эсрэгээрээ. Би их ширүүн ууртай юм шиг ярьдаг гэнэ лээ. Тэгэхээр
хүмүүс ааш муутай гэж боддог байх. Би хайрын захиа авч үзээгүй. Харин
хүмүүст хайрын захиа зөөж яваад буруу хүнд нь өгч хэрэгт орсон үе
байгаа шүү.

-Нэг ч хайрын захиа авч үзээгүй үзэсгэлэнтэй бүсгүйн анхны хайр анхаарал татаж байна?

-Анхны
хайр маань хань минь шүү дээ. Миний ханийг Ц.Чинбат гэдэг. Нөхөртэйгээ
Болгарт танилцсан. Намайг анх оюутан болоод ирэхэд хань маань тэнд
хоёрдугаар курт сурдаг байсан юм. Манай хүн дуулдаггүй ч урлагийн өндөр
мэдлэгтэй. Болгарт олон улсын харилцааны сургууль төгссөн. Аавынхаа
мэргэжлийг өвлөсөн хүн. Би их сонин. Харахад нэг их галзуу юм шиг атлаа
хайр сэтгэлийн асуудал дээр их ичимхий.

Дуулж
байхдаа яг л дурлачихсан юм шиг дүрдээ орж дуулдаг дуучид байдаг.
Анхандаа би надтай хамт дуулж байгаа дуучин маань дүрдээ орж дуулахаар
их ичдэг байлаа. Хамт дуулж байгаа уран бүтээлчид маань Мөнгөө нөхрөө
үзэж байгаа болохоор ичээд байна уу гэж явуулдаг байсан. Хожим энэ нь
ажил гэдгийг ойлгосон л доо.

-Барс жилийн
эхэнд ДБЭТ-ын тайзнаа тоглох Оросын суут хөгжмийн зохиолч
П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн гол дүр Татьяанад дуулахаар
олон чадварлаг дуучид өрсөлдөж та шалгарсан?

-Энэ сайхан
дуурийн Татьяанад дуулахаар болсондоо үнэхээр баяртай байгаа. Миний
анхлан сурч байсан дууриудын нэг л дээ. Энэ дуурь маань олон жилийн
хөдөлмөр шингэсэн дүр.

-Би дуучин хүнд гэгээн атаархаж явдаг. Тэр дундаа дуурийн дуучдад бүр ч их.

-Сонгодог
урлаг хүнд маш том хүмүүжил, ухаарал хайрладаг. Түүнд амьдралын том
сэдвүүд эргэлдэж байдаг. Энэ сайхан мэргэжлийг сонгосны буянд миний
амьдрал өдий зэрэгтэй яваа гэж боддог. Намайг хойно сургуульд яваад
ирэхэд ах дүү, хамаатан садан маань миний өөрчлөгдөж хүмүүжснийг хараад
үнэхээр гайхаж баярлаж байсан. Энэ нь сонгодог урлагийн минь буян заяа
юм шүү дээ. Томоохон уралдаанд түрүүлэх виз олгосон нь Татьяанагийн дүр
гэж билэгшээдэг.

-Таныг гавьяат авахад
мэргэжил нэгт нөхөд тань нүдээ олсон шагнал боллоо гээд маш их догдолж
байсан санагдана. Тэр үед ямар мэдрэмж төрсөн бэ. Миний бодлоор
Монголын сонгодог урлагийн 46 жилийн түүхэнд анх удаа дэлхийн өндөр
зэрэглэлийн уралдаанд түрүүлсэн амжилт тань энэхүү хүндтэй шагнал
хүртэхэд гол түлхүүр нь болсон байх.

-Тухайн
салбартаа нөр их хөдөлмөр гаргаж, гавьяа байгуулсан хүн л гавьяат
болдог байх. Сонгодог дуучид тэр дундаа манай театрын уран бүтээлчид
улс орныхоо нэрийг дэлхийд гаргасан гэж боддог. Зууны манлай, Ардын
жүжигчин, Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдорж, Зууны манлай, Ардын жүжигчин
Х.Уртнасан гуай нар маань алдарт “Большой” театрт дуулж байсан. Тэр
алтан үеэс өнөө үе хүртэл манай дуурийн дуучид нэр төрөө хадгалж яваа
гэж боддог. Би гадаад дотоодын 20 гаруй томоохон уралдаан тэмцээнд
тодорхой хэмжээний амжилт гаргасан ч гавьяат авах юмсан гэж бодож
яваагүй. Харин хамт олон, ард түмний минь надад өгсөн хайр буян
шингэсэн шагнал хэмээн хүндэтгэж явдаг. Намайг дэлхийн томоохон
уралдаанд түрүүлж, гавьяат болоход хань маань нүд дүүрэн баярын
нулимстай угтаж, надаас илүү баярлаж байсан.

-Ний
нуугүй хэлэхэд гавьяат хэмээх энэ эрхэм цолны чанар чансаа унасан. Энэ
хүндтэй шагналыг “бөөнддөг” боллоо гэсэн шүүмжлэл байдаг. Үүнд таны
бодлыг сонсох гэсэн юм?

-Гавьяат хэмээх
энэ хүндтэй шагналыг хэн нэгний хүчинд автан олгож болохгүй байх.
Шагнал авч байгаа хүн биш, өгч байгаа нь сайтар судалж, тунгааж үзэх
хэрэгтэй юм шиг санагддаг. Ард түмэн гэдэг чинь том шүүгч. Тэд хүлээн
зөвшөөрөөгүй байхад хамаагүй гавьяа шагнал олгож болохгүй болов уу.
Нийтийн дуучид маань яалт ч байхгүй ард түмнийхээ амандаа аялдаг дууг
дуулдаг. Гэвч гавьяат цолыг олгохдоо эх орондоо оруулсан хувь нэмрийг
нь харах хэрэгтэй л дээ.

-Та нэлээд хожуу ээж болсон санагдана. Яагаад тэр вэ?

-Хүүхэдтэй
болъё гэж бодох үе байсан. Гэвч оюутан байхдаа дэмий, эх орондоо очоод
хүүхэдтэй болъё гэж төлөвлөсөн. Охинтой болохоосоо өмнө буюу 2006 оны
арванхоёрдугаар сард Норвегит тоглолтоор явж байхдаа гудамжнаас 2-3
сартай эмэгтэй хүүхдийн ягаан гутал олоод их билэгшээж байсан. Тэгээд
эх орондоо ирээд жилийн дараа хүсэн хүлээсэн хүүхэдтэй болж, хөөрхөн
охин төрүүлсэн. Анхны охин аз хийморь авчирдаг гэдэг. Үнэхээр амьдралд
маань эгшиг уянга нэмсэн болохоор охиндоо Эгшиглэн гэж нэр өгсөн. Аав
ээжийнхээ олон жил хүсэн хүлээсэн мөрөөдлийн охин минь шүү дээ. Миний
охин аав, ээждээ асар их аз жаргал хайрласан. Энэ хүндэт цолыг ч бас
охин маань ээждээ авчирсан гэж боддог. Бяцхан охиндоо сүүлийн үед цаг
зав гаргаж чадахгүй байгаадаа их гэмшдэг. Тэр их гэмшлийг ар гэрийнхэн
маань ойлгож, тусалж дэмжиж байгаад нь үнэхээр их баярладаг. Миний
ханийн ээж Ц.Долгорсүрэн гэж их сайхан хүн бий. Бид одоохондоо тусдаа
гарч амжаагүй ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Ээж маань урлагийн нарийн
мэдрэмжтэй, миний шүтэн бишрэгчдийн нэг юм. Тоглолтыг маань алгасалгүй
үзэж, намайг тусалж дэмждэг ачийг нь би хэзээ ч мартахгүй. Мөн манай
хамаатны Чамиа гээд хөөрхөн охин байгаа. Тэр дүү маань ээжтэй цуг
охиныг маань харж ханддаг. Ийм сайхан хүмүүсээр хүүхдээ харуулж байгаа
болохоор сэтгэл тайван уран бүтээлээ хийдэг дээ.

-Ээж болоход ямар мэдрэмж төрж байсан бэ?

-Эх
хүн болно гэдэг үнэхээр сайхан мэдрэмж юм билээ. Ээж болсныхоо дараа
Чио Чио Саны дүрд ээж болж дуулахад хүүтэйгээ салах ёс үйлдэж дуулах
хэсэг дээр хоолой зуурч, чангарч чадан ядан дуулж байлаа. Тэр дуурьт
хүүгээ аавдаа оч гээд явуулахад хүү нь ээж рүүгээ хардаг хэсэг байдаг.
Тэгэхэд өөрийн эрхгүй сэтгэл уярч, нулимс сад тавьж байсан. Эх хүн
болно гэдэг сэтгэлийн уярал хайлалыг жинхэнэ утгаар нь мэдэрдэг юм
билээ.

-Та европжуу төрхтэй болохоор гадаад дүрд хувирахад нэг их хүндрэлгүй байдаг байх даа?

-Тийм
шүү. Барууны сонгодог дүрд хувирахад хүндрэл гараад байдаггүй. Харин ч
монгол дүрд хувирахад хэцүү байдаг юм. Би “Учиртай гурван толгой”
дуурийн Хоролмаагийн дүрд олон удаа тоглож байсан. Уг дүр маань надаас
маш их ажиллагаа шаардсан. Монгол үндэснийхээ хувцсыг өмсөөд сонгодог
дүрд тоглож байгаа хүн тогтсон дэг жаягаар нь алхах гээд маш их ур
чадвар шаарддаг.

-Уучлаарай, манайхны
дунд хамтран дуулж байгаа дуучдыг хоорондоо хайр сэтгэлийн холбоотой
гэх цуу яриа дэгдэх нь их. МУГЖ Болд та хоёр олон дууль дээр хамтарч
дуулдаг. Хамгийн сүүлд гэхэд л “Евгений Онегин” дуурийн гол дүрд та
хоёр тоглож байгаа?

-Болд ах бид хоёр нэг
нутгийнх. Тэр ч утгаараа нутгийн дүү хэмээн ахын жишгээр надтай
харьцдаг. Бид хоёр чамгүй олон удаа хамтарч дуулах аз завшаан олдсон.
Зөвхөн уран бүтээлийн тал дээр л холбоотой. Болд ахын маань хань
У.Цолмон эгч, манай нөхөр бид дөрөв гэр бүлийн сайхан найзууд. Хэрэв
ийм цуу яриа дэгдвэл бид наргиан болгож л хүлээж авах байх даа /инээв/.
Нээрээ Болд ах бид хоёр ихэнхдээ хэрэлдэж муудалцсан дүрээр тоглодог
шүү дээ. Өнгөрсөн онд Болд ах, Б.Солонго эгч нартайгаа уран бүтээлийн
ганзага маш сайн нийлсэн. Германы Колин хотод манай дуурийн дөрвөн
дуучин явсны нэг нь Болд ах маань. Буриадын Улаан-Үд хотын улсын
филармоний нээлтийг бид гурав хамтарч хийж байсан.

-Сүүлийн хормыг танд асуултгүй үлдээе?

-Баярлалаа.
Миний уран бүтээлийг халуун дотно алга ташилтаар хүлээн авч надад
үргэлж урам хайрлаж байдаг ард түмэндээ чин сэтгэлийн талархлаа
илэрхийлье. Мөн урлаг хэмээн тэр ариун гэгээн сүмд хамтран ажиллаж
байгаа хамт олондоо уран бүтээлийн охь, хамгийн дээд амжилтыг хүсэн
ерөөе.

Б.Анхцэцэг /2010 оны 2 сарын 19/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж