Улаан үст “Жокер”-ын шүүх хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.07.24-нд нийтлэгдсэн

Улаан үст “Жокер”-ын шүүх хурал эхэллээ

АНУ-ын Колорадо мужийн Аврора хотын кино театрт болсон шинэ киноны нээлтийн өдөр 12 хүнийг буудаж, хөнөөсөн хэргийн сэжигтэн  Жеймс Холмсын шүүх хурал өчигдөр эхэлжээ. Өөрийгөө Жокер гэж цагдаа нарт танилцуулсан 24 настай Жеймс Холмс шүүх хуралд ирэхдээ хагас ухаантай мэт цочирдсон байсан гэнэ. Сентури 16 кино театрт галзуу этгээдэд буудуулж шархадсан хүмүүс эмнэлэгт хүнд байдалтай байгаа юм. Өнгөрсөн ням гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хохирогчдын ар гэрийнхэнтэй уулзаж, амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэн, эмгэнэл илэрхийлэхэд хэдэн мянган хүн оролцсон байна. Дээрх хэргийн сэжигтэн Холмсыг Колорадо мужийн Сентиниел хэмээх шоронд батлан даалтгүйгээр хорьж байгаа аж. Жеймс Холмсыг өнгөрсөн баасан гаригийн өглөө “Харанхуйн хүлэг баатар эргэн ирсэн нь” /"The Dark Knight Rises"/ киноны нээлтийн үеэр үзэгчдийн танхимд утаа тавьж, үзэгчид руу гал нээсэн хэрэгт сэжиглэж байгаа юм. Гэрчүүдийн мэдээлснээр гэмт этгээд хөлөөсөө толгой хүртэл хамгаалалтын хувцас өмсч, хорт утааны баг зүүсэн байжээ. Гэмт этгээд эхлээд хагас автомат буугаар шүршиж байгаад дараа нь гар буугаа шүүрч авсан аж. Хэрэв тэр автоматаар үргэлжлүүлэн шүршсэн бол бүр олон хүн амиа алдах байсан аж. Цагдаа нарт  баривчлагдах үедээ Жеймс Холмс үсээ улаанаар будсан байсан бөгөөд өөрийгөө Жокер гэж танилцуулсан. Аймшигт халдлагаас хойш хэвлэлийнхэн түүний зургийг шүүх хурлын танхимд анх удаа авсан нь энэ аж. Сэжигтэн этгээд хэдэн хоног нойргүй хоносон мэт хагас дутуу ухаантай, юу болоод байгааг ойлгохгүй байгаа мэт нүдээ эргэлдүүлж байсан гэнэ. Шүүгч шүүх хурлын процессыг танилцуулахад Жеймс гайхсан мэт нүдээ томруулан толгойгоо өргөхгүй, зүгээр нь толгой дохиж суужээ. Денверийн их сургуулийн философийн ангийн оюутан байсан Жеймс дээрх хэрэгт буруутай нь тогтоогдвол шүүх хурал ирэх долоо хоногт түүнд ял оноох юм байна. Харин прокуроруудын тайлбарлаж буйгаар түүнд цаазаар авах ял оноох эсэх шийдвэрийг гаргах процесс удааширч магадгүй аж. Өчигдөр орон нутгийн цагаар 09.30 минутанд эхэлсэн шүүх хурлаар сэжигтэн этгээдийг нэгдүгээр зэргийн аллагын 12 төрлийн гэмт хэрэгт буруутгасан байна. Дээрх хэргүүдээс гадна түүнд зэвсэг хууль бусаар ашиглаж, аллага үйлдсэн хэрэг нэмэгдэх аж. Хохирогчдын ар гэрийнхэн гэмт этгээдийг цаазаар авах ёстой гэж үзэж байгаа боловч прокурорууд түүнд энэ сарын 30-нд ял оноох юм. Холбооны мөрдөх товчооны ажилтнууд сэжигтэн этгээдийн гэрээс түүний компьютерыг олсон бөгөөд хэрэгт шаардлагатай нотлох баримт гарч ирнэ гэж үзэж байгаа юм байна. Жеймс сургуулиа гэнэт хаясан бөгөөд сүүлийн хоёр сарын дотор дөрвөн зэвсэг худалдаж авч, интернэтээр их хэмжээний сум худалдаж авсан нь тогтоогдсон учраас түүнийг энэ халдлагыг эртнээс төлөвлөж байсан гэж сэжиглэж байга юм.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж