Нийслэл лиг 24 лигионертэй боллоо

Хуучирсан мэдээ: 2012.07.24-нд нийтлэгдсэн

Нийслэл лиг 24 лигионертэй боллоо

Монголын хөлбөмбөгийн холбооны 2012 оны Нийслэл лигийн тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд эхлэхэд бэлэн болжээ. Эхний тойргийн тоглолтууд Орхон аймгийн Эрдэнэт хотноо болж өндөрлөснөөр солилцооны цонх нээгдэж, хоёрдугаар тойрог эхлэхийн өмнө багууд хүч сэлбээд байна. Багуудын тухайд нэлээд олон тооны гадаад тоглогчдыг эгнээндээ нэгтгэжээ. Лигийн “Хоромхон” баг Ц.Мөнгөншагайг багтаа элсүүлсэн бол “Сэлэнгэ пресс” Лью Юүэ Ян, Цуи Нин Ян, Ли Нин, Пан Жунь нарын хятад дөрвөн тоглогчоор хүч зузаатгасан байна. “Эрчим” багийн тухайд хоёрдугаар тойрогт Японы лигионер тоглогч Йосүкэ Минамигүйгээр тоглох болсон ч бразили тоглогчдыг багтаа элсүүлжээ. Харин “Улаанбаатар” дээд сургуулийн баг солилцооны цонхоор Ц.Ганбаяр, М.Батцэнгэл, М.Цэнгэл гэсэн гурван тоглогчоо сольж, ОУХМ хаалгач Ж.Энхбаяр, Э.Анхбаяр, Жардельди Силва /бразили/ гэсэн гурван тоглогчийг нэмж авсан байна. “FC Ulaanbaatar” багийн тухайд хүн хассангүй, харин Болий Принц Марк гэсэн либери, Этоунди Алима Жаром Сиван гэсэн камерун залуусаар хүч сэлбэжээ. Мөн “Хангарьд” баг 19 дугаартай Тэмүүлэнг сэлгэж, ОХУ-ын Павел Сергеевич Дробышев, Владислав Олегович Ткаченког элсүүлсэн байна. “Хасын Хүлгүүд” Г.Молор-Эрдэнэ, бразили тоглогч Фелипе Бастос Магалрес болон “Сэлэнгэ пресс”-ийн туршлагатай тоглогч Г.Даваа-Очирыг багтаа авчээ.

Ийнхүү солилцооны цонх албан ёсоор хаагдаж, МХБХ-ны үндэсний дээд лиг болох Нийслэл лигийн тэмцээн 24 лигионер тоглогчтой боллоо.

Тэмцээнийг зохион байгуулах комисс өнөөдөр хуралдаж, тэмцээн зохион байгуулах газар, хугацааг зарлах ажээ.

МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж