”Өвөрхангайн тойрог дээр АН-ын байр суурь хатуу байгаа”

Хуучирсан мэдээ: 2012.07.24-нд нийтлэгдсэн

”Өвөрхангайн тойрог дээр АН-ын байр суурь хатуу байгаа”

Д.Эрдэнэбат: Өвөрхангайн тойрог дээр АН-ын байр суурь хатуу байгаа

УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан парламент анхдугаар чуулганаа хийгээд байгаа. Энэ удаагийн парламент бүрэн бүтэн болохын тулд зарим тойргийн асуудлыг яаралтай эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. Үүний нэг нь сонгуулийн аравдугаар тойрог буюу Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигчид хууль зөрчсөн үйлдэл. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбаттай энэ талаар ярилцлаа.

-УИХ-ын 2012 оны сонгуулийн үеэр хууль зөрчсөн үйлдэл хэд хэдэн тойрогт гарсан. Тэр дундаа Өвөрхангай аймагт хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхээр тогтоогдсон. АН-ын зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?

-Сонгуультай холбоотой маргаан их гарсан. Гэхдээ АН-ын хувьд анхаарал татсан гурван тойрог байгаа. Юу нь анхаарал татсан бэ гэхээр, тухайн тойрогт хуулийг ноцтой зөрчсөн, энэ нь илтэд нотлогдсон. Тодруулбал, Өвөрхангай, Увс, Орхон аймагт МАН-аас нэр дэвшигчид хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гарсан. Иймээс бид холбогдох тойргийн хороо, Сонгуулийн ерөнхий хороонд хандсан байгаа. Орхон, Увс аймгийн сонгуулийн үр дүнг Сонгуулийн ерөнхий хороо өргөн барьсан. Харин Өвөрхангайн тойргийн дүнг өргөн бариагүй түдгэлзүүлсэн. Өвөрхангай аймгийн хувьд онцолж хэлэх нэг асуудал бий. Яалт ч үгүй мөнгө тараасан, иргэдийн саналыг эд бараагаар худалдан авахыг оролдсон, насанд хүрээгүй хүүхдүүдийг сонгуулийн сурталчилгаанд татан оролцуулсан, тэр байтугай ухуулга хийлгэсэн зөрчил энэ тойрогт гарсан. Энэ үйлдлийг тухайн үедээ тойргийн хороо нь тогтоож, “зөрчилтэй байна” гэдэг шийдвэр гаргасан мөртлөө Сонгуулийн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хариуцлага тооцож, нэрсийг нь татаагүй нь сонгуулийг санаатай будлиантуулах нөхцөл болсон. Ер нь энд би хэдэн ноцтой зүйлийг сануулж хэлмээр байна.

Нэгдүгээрт, төрд тангараг өргөсөн албан хаагчид шударга бус явдалтай, тэр бүү хэл хууль зөрчсөн нь нотлогдсон үйлдэлтэй эвлэрч байгаа нь эргээд тэдэнд хариуцлага тооцох үндэслэл болох ёстой. Хоёрдугаарт, УИХ-д нэр дэвшинэ гэдэг төрийн хууль тогтоох дээд байгууллагад орно гэсэн үг. Хууль тогтоох байгууллагад орох гэж байгаа хүн өөрөө хууль зөрчинө гэдэг байж боломгүй зүйл. Хэрэв ийм зүйлтэй эвлэрвэл шударга ёсны тухай, хуулийг хэрэгжүүлэх тухай ойлголт байхгүй болно. Бид ийм зүйлтэй хэзээ ч эвлэрэхгүй гэдэг АН-ын байр суурь хатуу хэвээр байна. Гарсан маргаантай, нотлогдсон үйлдэлтэй ийм асуудал дээр АН байнга байр сууриа илэрхийнэ. Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшигчид хууль зөрчсөнийг тогтоолгохоор АН-аас нэр дэвшигч өөрийн харьяаллын шүүхэд гомдол гаргасан нь хуулийн процесс. Шүүх онцгой үйл ажиллагааны журмаар шийдчихээд байхад нөгөө тал нь дахиад хууль зөрчөөд Нийслэлийн шүүхэд давж заалдсан нь хуулийг давсан үйлдэл.

Өвөрхангай аймгийн тойргийн хороо одоо хүртэл хуралдахгүй байгаа. Шийдвэрийг эцэслэн гаргахгүй байгаа. Тиймээс СЕХ, хууль тогтоох байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг хурдан шийдвэрлэх ёстой. Хэрэв хүн бүр хуулиа мөрддөг байя гэвэл, хүн бүр хуулийн хүрээнд ажилладаг болъё гэвэл энэ сонгуулийн үеэр хууль зөрчсөн ноцтой асуудлыг зөв шийдвэрлэх шаардлагатай.

-Тэгэхээр Өвөрхангайн тойргийн асуудлын зангилааг хэн тайлах вэ?

-Шүүхийн шийдвэр нэгэнт гарсан бол эцсийнх байдаг. Одоо шүүхийн шийдвэрийн дагуу сонгуулийн тойргийн хороо шийдвэрээ гаргаж, үүнийг нь Сонгуулийн ерөнхий хороо баталгаажуулах асуудал үлдэж байна. Гэтэл шүүхийн шийдвэр гарчихаад байхад санаатай ч юм шиг, санамсаргүй ч юм шиг асуудлыг хойш татаж байна. Үүнийг ашиглаад хууль зөрчсөн нэр дэвшигчид өөрсдийгөө зөвтгөх арга саам сүвэгчилж, буруу лобби хийж байна. Энэ бол нөгөөх л хуулийг уландаа гишгидэг, хууль зөрчдөг хуучин байдалтайгаа зууралдаад байгаа хэрэг.

-Та өөрөө хууль тогтоогч. Шүүхийн шийдвэрийг хэн нэгэн дүгнэх эрхтэй юу. МАН-ын үгээс болон Өвөрхангай аймгийн МАН-ын дарга нь “шүүх буруу шийдвэр гаргалаа” гэж мэдэгдсэн. Энэ нь хуулийн хүрээнд гаргаж байгаа үйлдэл мөн үү?

-Улстөрийн нам, хувь хүн, нэр дэвшигч хэн ч байсан шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй. Тэр байтугай зарим нь “энэ асуудлыг тохиролцох хэрэгтэй” гэж яриад байгаа. Шүүхийн шийдвэрийг аль нэг нам яриад тохирдог юм биш. Магадгүй өмнө нь тэгж болдог байсан байж магад. Гэхдээ тийм үе дууссан. Бид үлдэгдэлд нь цэг тавих ёстой. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Увсад болсон үйдэл илт нотлогдсон байхад нэрийг нь өргөн барьсан. Энэ асуудал дээр СЕХ-г, нэр дэвшигчдийг АН шүүх эрх байхгүй. Гэхдээ бид шударга бус үйлдлийг дахин гаргуулахгүйн тулд шүүхэд хандсан. Ер нь хуулиа хэрэгжүүлдэг байж, сонгуулийн үеэр дахин булхай луйвар гаргахгүй байя гэвэл одоо л энэ асуудлыг зөв шийдэх ёстой. Эс чадвал хууль гаргаж, иргэдээ тэр хуулийг дагаж мөрдөнө гэж итгэх хэрэггүй болно. Тиймээс хуулийг хэрэгжүүлэх АН-ын байр суурь хатуу байгаа.

-Хэрэв Өвөрхангай аймгийн тойргийн хороо асуудлыг шийдэхгүй сунжруулсаар байвал яах вэ. Ямар гарц байгаа бол?

-АН хуулийн байгууллагад ханддаг журмын дагуу хандсан. Асуудлаа хурдан шийдээч гэж. СЕХ-нд мөн хандсан. Одоо Өвөрхангай аймгийн тойргийн хороо шүүхийн шийдвэрийг баталгаажуулах л үлдсэн. Хэрэв баталгаажуулахгүй бол тойргийн хороонд ажилласан төрийн албан хаагчдад Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээнэ. Сонгууль будлиантуулсан гэдэг үндэслэлээр. Одоо аливаа асуудал, хэрэг зөрчлийг сунжруулах,  үл ойлгогдох нөхцөл үүсгэдэг гацаанаас хурдан гарах нөхцөл нь шүүхийн шуурхай ажиллагаагаар дүгнэгдэх ёстой. Бид энэ хандлага руу л явна. Төрийн албан хаагчид ярилцаад, зохицуулаад, будлиудаад, тохиролцоод сонгуулийн дүнг өөрчилж болдог гэсэн сэтгэлгээнээс салах цаг болжээ. Салахын тулд санаатай бөгөөд санамсаргүй гаргасан үйлдэлд нь хариуцлага тооцох шуурхай арга хэмжээ авах чадамж аль аль талдаа байх ёстой.

Р.Бурмаа: Хан-Уул дүүргийн шүүх жишиг болохуйц ажилласан


УИХ-ын сонгуулийн аравдугаар тойрогт үүссэн асуудлын талаар УИХ-ын гишүүн Р.Бурмаатай ярилцлаа.

-Өвөрхангай аймагт МАН-ын нэр дэвшигчид хууль зөрчсөнийг шүүх тогтоож шийдвэрээ гаргасан. Гэхдээ МАН-ын зүгээс шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харьяаллын хувьд Өвөрхангайд болсон асуудлыг Хан-Уул дүүргийн шүүх шийдэж болохгүй гэх тайлбар хэлж буй. Та сонгогчдын эрх ашгийг хамгаалдаг, нөгөө талаар хууль тогтоогч хүний хувьд байр сууриа илэрхийлнэ үү?

-Өнгөрсөн сонгуулиудаар сонгох, сонгогдох эрхийг шүүхээр хамгаалж чаддаггүй байсан. Харин энэ удаагийн УИХ-ын сонгуулийн тухай хуульд тодорхой заалт орсон, мөн шүүхийн шинэчлэлийг эрчимжүүлсний үр дүн харагдлаа. Тухайлбал, Өвөрхангай аймагт сонгуулийн үеэр гарсан зөрчлийг шүүх шуурхай авч хэлэлцэж шийдвэрлэсэн нь тун чухал. Энэ жишгийг цаашид дараа дараагийн сонгуулийн үеэр хэрэгжүүлэх ёстой. Нэг үгээр, Хан-Уул дүүргийн шүүх жишиг болохуйц ажилласан.

Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэдэг зүйл заалт Эрүүгийн хуульд шинээр орсон. Тэгэхээр энэ зүйл заалттай холбоотой асуудлыг шүүх маш шуурхай тусгайлан авч шийдэх шаардлагатай. Тэрнээс биш ямар нэг байдлаар сонгогчдын саналыг худалдаж аваад, сонгуулийг будлиантуулаад, сонгуулийн дүнг луйвардаад, сонгуулийн үйл ажиллагаанд хууль бусаар нөлөөлж байгаад эрх мэдлийг авчихдаг. Дараа нь тангараг өргөөд, ямар нэг байдлаар асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхгүй завшаад явдаг тохиолдол байсан. Жишээ нь, 2008 онд Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн хэмжээнд сонгуулийн үр дүнд ноцтой нөлөөлөх зөрчлийг СЕХ-ны дарга асан Баттулга гаргасан гэдгийг би бүтэн жил гаруй шүүхээр явж байж тогтоолгож шийдвэрлүүлсэн.  Гэвч бүтэн жилийн дараа шийдэхэд буруутай этгээд нь нэгэнт тангараг өргөөд, их хурлын үйл ажиллагаанд ороод явчихсан байсан тул өөрчлөх ямар ч боломжгүй болж байсан. Луйвар хийсэн, төрийн эрхийг хууль бусаар авсан этгээдүүд, улстөрийн нам хожсон. Тиймээс шүүх асуудлыг шуурхай шийддэг, хуулийн зөрчлийг даамжрахаас өмнө зогсоодог байх нь чухал. Тэгэхээр би Хан-Уул дүүргийн шүүх сайн ажиллалаа гэж харж байгаа. Бусад шүүх ч гэсэн энэ жишгээр ажиллах нь зөв.

Харьяаллын тухайд иргэн хүн оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ шүүхэд гомдол гаргаж асуудлаа шийдүүлдэг.  Энэ эрхийнхээ дагуу Хан-Уул дүүргийн шүүхээр шийдвэрлүүлжээ. Үүнийг би монгол хүн иргэнийхээ хувьд нэг талаар сонгогдох эрхээ хамгаалуулах, нөгөө талаар сонгуулийн үеэр гарсан булхай луйврыг таслан зогсоох иргэний хариуцлага үүргээ биелүүлж байгаа чухал хэлбэр гэж дүгнэж байна. Нөгөөтэйгүүр сонгох, сонгогдох эрхийг шүүхээр хамгаалуулах тогтолцоо цаашид улам боловронгуй болж, орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль, дараа дараагийн их хурлын сонгуульд төлөвших ёстой. Шүүхийн шинэчлэлийн нэг томоохон хэсэг нь улстөрийн эрхийг хамгаалах явдал юм.

Монгол Улсын хөгжлийг хойш татаж байгаа, иргэдийг бухимдуулж байгаа, улс орны нэр хүндийг гутааж байгаа авлигын хэрэг бол сонгогчдыг мэхэлж саналыг нь худалдан авах үйлдлээс эхлэлтэй юм. Иймээс Монголд авлигыг таслан зогсооё гэвэл иймэрхүү санал худалдан авах хууль бус үйлдлийг зогсоох ёстой. Ингэхийн тулд шүүхээр л гагцхүү үнэн зөвийг шийдүүлдэг байх учиртай. Хан-Уул дүүргийн шүүх Өвөрхангайд хууль зөрчсөн асуудлыг шуурхай шийдвэрлэж, үүний төлөө том алхмыг хийж чадлаа.

-Шүүх шийдвэрээ хэтэрхий хурдан гаргасан нь нэг талд үйлчилсний илрэл гээд байгаа шүү дээ?

-Өмнө нь 2004 онд сонгуулийн зөрчлөөс үүдэлтэй асуудал нэг жил, 2008 онд мөн л нэг жил сунжирч байсан. Жилийн дараа буруутай нь тогтоогдлоо гэхэд сонгуулийн үеэр хуулиа мөрдсөн нь хохирч, хууль зөрчсөн нь хожоод үлддэг байсан. Тэгэхээр энэ удаа хууль зөрчсөн нөхдүүдийг тангараг өргөхөөс өмнө шүүх асуудлыг шийдсэн нь зөв.

Бусад улс оронд сонгууль болдог өдөр бүх шүүх нь ажиллаж, зөвхөн сонгуулийн маргаантай холбоотой асуудлыг шийднэ гээд хүлээж байдаг. Сонгуулийн маргааныг, хууль зөрчсөн асуудлыг тухайн өдөр нь, тэр дор нь онцгой байдлаар буюу түргэвчилсэн журмаар, шуурхай тусгайлан авч хэлэлцээд шийдвэр гаргадаг.

-Шүүх шуурхай шийдлээ ч гэсэн тойргийн хороо асуудлыг сунжруулж сонгогчдын эрхийг зөрчиж байна. Энэ талаар байр сууриа илэрхийлнэ үү?

-Сонгуультай холбоотой маргаан, асуудлыг сунжруулснаар сонгогчид төрд төлөөлөлгүй болдог, сонгогчдын эрх ашиг зөрчигддөг. Сонгогчдын эрх ямар нэг байдлаар хөндөгддөг. Тухайлбал, 2004 онд Өвөрхангай, 2008 онд Баянгол дүүргийн сонгогчид хохирч байсан. Тиймээс шүүх шуурхай ажиллах нь сонгох, сонгогдох эрхийг ч хамгаална. Дээрээс нь сонгогчдын эрхийг хамгаална. Бусад тойргийн асуудлыг мөн шүүх хурдан шуурхай шийдвэрлэх ёстой. Энд янз бүрийн тайлбар гомдол гаргах нь зохисгүй. Монгол Улсад шүүхийн өмнө бүгд адил тэгш эрхтэй. Шүүхээр аливаа асуудлын зөв бурууг шийддэг. Шүүхийн шийдвэр эцсийнх байдаг.

Б.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж