Хар тамхи тээвэрлэсэн хэргийг мөрдөн байцаалтад буцаав

Хуучирсан мэдээ: 2012.07.24-нд нийтлэгдсэн

Хар тамхи тээвэрлэсэн хэргийг мөрдөн байцаалтад буцаав

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэсэн хэрэгт буруутгагдаад буй Б.Одбаяр, Э.Золбоо, О.Мөнхбат нарыг өчигдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд шүүлээ. Хурал дөрвөн цаг үргэлжилсний эцэст шүүх бүрэлдэхүүн нотлох баримт хангалтгүй хэмээн үзэж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав.

Хуралд даргалагч шүүгчээр Ч.Хосбаяр, Ш.Төгсгэрэл, М.Алдар, өмгөөлөгчөөр Ж.Энхтуяа, С.Жанцан, Р.Отгонцэцэг, Б.Манлайжав, улсын яллагчаар Н.Отгонцэцэг нар оролцсон байна.

Тэднийг Эрүүгийн хуулийн 192.3.4-д зааснаар давтан, 192.3.5-д зааснаар урьдчилан үгсэж тохиролцсон буюу зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн хэмээн буруутгаж байгаа юм. Хэрвээ гэм буруутай нь нотлогдвол 10-15 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх аж.

Эргэн сануулахад, шүүгдэгч Б.Одбаяр нь хоёр жилийн өмнө н.Энхболд гэгч залуугийн хамтаар БНХАУ-д амьдарч, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн монгол залуусыг өндөр цалинтай ажилд оруулж өгнө гэж элсүүлдэг Хулан, Халиунаа нарын бүлэглэлд элсэн, улмаар Зүүн өмнөд Азийн “Алтан гурвалжин” гэх хар тамхины бүлэгт багтсан байна. Мөн энэ бүлэглэлд Э.Золбоо, О.Мөнхбат элсэн орсон оржээ. БНХАУ-ын хууль хяналтынхан хар тамхи зөөвөрлөснийг нь илрүүлсэн учир эрх орондоо зугтан ирсэн байна. БНХАУ-ын талаас Б.Одбаяр, О.Мөнхбат, Э.Золбоо нарыг шилжүүлэн өгөх хүсэлтийг манай талд тавьж байсан ч Монгол Улсаас тэднийг шилжүүлэхгүй, эх орондоо шалгахаар болж, УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж эхэлсэн юм байна. Одоогоор УМБГ-т Хулан, Халиунаа нарын бүлэглэлд элсч, хар тамхи зөөвөрлөсөн болон тээвэрлэхийг завдсан 20 гаруй сэжигтэн, яллагдагч байгаа аж.

Д.ЖАРГАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж