Хүүхдэд зориулсан төсөл хэрэгжүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.07.24-нд нийтлэгдсэн

Хүүхдэд зориулсан төсөл хэрэгжүүлнэ

“Төв аймгийн таван сумын ядуу өрхийн 06-23 сартай хүүхдийн бичил тэжээлийн холимогийн хэрэглээг нэмэгдүүлж, хооллох дадлыг сайжруулах” загвар төслийг хэрэгжүүлэх нээлтийн ажиллагаа долдугаар сарын 19-нд Зуунмод хотод болжээ. Төсөл 2013 оны 3-р сарыг дуустал үргэлжлэх бөгөөд Төв аймгийн Либераль эмэгтэйчүүдийн оюуны сан ТББ, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Эрүүл мэндийн газар хамтран хэрэгжүүлэх аж.м

 Азийн хөгжлийн банкны JFPR9131 “Бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дутлыг бууруулах” төсөл 2010 оноос Архангай, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар, Төв аймгууд, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт хэрэгжиж эхэлсэн.

Төслийн хэрэгжилтийн хугацаанд бага насны хүүхдийн хоол тэжээлийг сайжруулах ”Загвар төсөл”-ийн 3 удаагийн шалгаруулалт явагдаж дуусаад одоогийн байдлаар Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт “ГУМ”, “САМО” институтийн бага насны хүүхдэд зориулсан баяжуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл, СХД, Дундговь, Говь-Алтай аймгуудад хүүхдийн хоолны “Загвар сувилал”, мөн Говь-Алтай аймгийн “Бичил тэжээлээр баялаг хүнстэй өрх-эрүүл хүүхэд” зэрэг төсөл үйл ажиллагаагаа явуулж байна. Харин энэ удаад дээрхи 3 удаагийн шалгаруулалтад оролцож, санхүүжилт авсан бас нэгэн шинэ загвар төсөл ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүллээ. Азийн хөгжлийн банкны JFPR9131 “Бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дутлыг бууруулах” төслийн санхүүжилтээр 24 хүртэлх сартай хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөхүүл эхчүүдэд зориулан олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл (ОНБТБ)-ийг төсөл хэрэгжиж байгаа орон нутагт тарааж, зорилтот бүлгийнхний өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн.
“Төв аймгийн 5 сумын ядуу өрхийн 06-23 сартай хүүхдийн бичил тэжээлийн холимогын хэрэглээг нэмэгдүүлж, хооллох дадлыг сайжруулах” загвар төсөл нь энэхүү бэлдмэлийн хэрэглээг сонгогдсон сумдад 2 дахин нэмэгдүүлж, хооллох дадлыг сайжруулах замаар хоол тэжээлийн архаг дутлын тархалтыг 15 хувиар бууруулах зорилготой юм.

Азийн хөгжлийн банкны JFPR9131 “Бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дутлыг бууруулах” суурь судалгааны дүнгээр Төв аймгийн 0-3 насны хүүхдүүдийн 32% нь цус багадалттай, 10,8% нь тураалтай, 29,9% нь өсөлт хоцролттой, 3,2% нь туранхай, 52,2% нь рахиттай байна. Мөн хүүхдийн хоол тэжээлийн талаар 10 эцэг эх, асран хамгаалагч тутмын 8 нь хангалтгүй мэдлэгтэй, бага боловсролтой асран хамгаалагчдын мэдлэгийн түвшин харьцангуй доогуур байгааг тогтоосон байдаг. Тухайлбал, 4 эх тутмын 1 нь хүүхдийг өдөрт 1-2 удаа хооллох ёстой гэсэн ташаа ойлголттой, 2 эх тутмын 1 нь хүүхдэд 1 удаад өгөх хоолны хэмжээг мэддэггүй ажээ. Жишээ нь, Зуунмод сумын 0-25 сартай хүүхдийн хооллолтын байдлыг үнэлэхэд өдөрт гэрийн хоолноос 1-2 удаа иддэг, хүүхдэд өөрт нь зориулан тусгайлан хоол хийж өгдөг айл цөөн байна. Түүнчлэн 2010 оны байдлаар Төв аймгийн 06-35 сартай хүүхдийн 36.3 хувь нь олон найрлагат бичил тэжээлийн холимог хэрэглэж байсан бөгөөд тэдгээрийн зөвхөн 15.8 хувь нь 2 сар ба түүнээс дээш хугацаанд хэрэглэсэн байв. Олон найрлагат бичил тэжээлийн холимог нь бага насны хүүхдийг 10 төрлийн амин дэм, 5 төрлийн эрдсийн дутлаас сэргийлж, хоол тэжээлийн архаг дутлыг бууруулахад шийдвэрлэх ач холбогдолтой тул түүний хэрэглээг нэмэгдүүлэх, хооллох дадлыг сайжруулахад нээлтээ хйиж байгаа энэхүү төслийг хэрэгжүүлэх шаардлага, үндэслэл оршиж байгаа аж. Төслийн үр шимийг сонгогдсон сумдын 0-23 сартай 1450 хүүхэд хүртэнэ гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж