Хуучирсан мэдээ: 2012.07.24-нд нийтлэгдсэн

Азын тэнгэр

Та өөрийгөө азтайд тооцдог уу? Сайн сайхан зүйл танд тохиолдсон эсвэл амжилтанд хүрснийгээ та аз гэж боддог уу?

Би урьд нь надад тохиолдсон сайн сайхан бүхнийг аз гэж боддог байсан. Хэрвээ сайн сайхан юм тохиолдохгүй байвал өөрийгөө азгүйд тооцдог байсан. Бусдын амжилтыг хараад яасан азтай хүн бэ гэж бас бодно.

Тэгээд л хэзээ нэгэн цагт хүсэл биелүүлэх бирд гарч ирээд л хүссэн бүхнийг минь биелүүлэх тэр азыг хүлээж суудаг байсан. Бодит амьдрал дээр хүсэл биелүүлэгч бирд гэж байхгүй учраас тэр аз надад тохиолдохгүй нь ойлгомжтой. Тиймээс би өөрийгөө азгүйчүүдийн эгнээнд оруулдаг байсан л даа.

Магадгүй та өөрийгөө миний өмнөх шиг азгүйд тооцдог байж болох юм. Хэрвээ та өөрийгөө азгүйд тооцож байгаа бол тэр зөвхөн бидний гаргадаг олон шалтгуудын нэг гэж хэлмээр байна.

Бид бүгд азтай. Бид бүгдэд азтай байх боломж бий. Идэх хоолтой, эрүүл энх, өөрийгөө хөгжүүлж эхэлсэн, зөв замаар явж байгаа мөн ардчилсан нийгэмд амьдарч байгаа цагт бид бүгд азтай.

Нэгэн сурвалжлагч Richard Branson-оос асууж л дээ. (Richard Branson нь 2011 оны Forbes сэтгүүл дээр гарсан тэрбумтны жагсаалтын дагуу 4.2 тэрбум Ам. доллартай гэж мэдэгдсэн бөгөөд Англи улсад хамгийн баянд тооцогдох хүмүүсийн дээрээсээ 4 дэхэд ордог ажээ.)

“Таны гаргасан амжилтанд аз нөлөөлсөн үү гэхэд тэрээр  ”Тэгэлгүй яахав! Бид бүгд азтай! Хэрвээ та чөлөөт нийгэмд амьдарч байгаа бол та ч гэсэн мөн азтай! Өдөр болгон биднийг аз хүрээлж байдаг. Та түүнийгээ олж харна уу үгүй юу хамаагүй биднийг үргэлж аз дайран өнгөрч байдаг. Би хэн нэгнээс илүү азтай эсвэл азгүй гэж өөрийгөө хэлэхгүй. Гэхдээ миний онцлог юу вэ гэвэл аз намайг чиглэхэд би түүнийг шууд шүүрч авдаг.” гэж хариулжээ. Үнэхээр сайхан хариулсан байгаа юм.

Азын томьёо

Бэлтгэл + Хандлага + Боломж + Үйлдэл = Аз

  1. Бэлтгэл – Азыг хүлээн авахад бэлтгэх. Би урьд нь азыг хүлээн авахад бэлэн байгаа хүмүүст аз учирдаг гэж уншиж байсан. Азыг хүлээн авахад бэлэн байна гэж юу хэлээд байна вэ? Бэлэн биш байдаг хүмүүс бас байдаг юмаа, хммм…сонин л юм? гэж боддог байсан. Азыг хүлээн авахад би бэлэн байна; тэгээд бэлэн байгаад байхад яагаад надад аз тохиолдохгүй байна вэ гэж гайхдаг байсан. Тэгэхээр өөрийгөө бэлдэнэ, бэлэн байна гэж юуг хэлээд байна вэ гэвэл бүхий л талаараа өөрийгөө хөгжүүлж, боловсруулах, өөрийн ухааныг тэлэх, өөрийгөө чадваржуулах, бусадтай харьцах харьцаагаа нэмэх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Энэ тохиолдолд бидэнд аз учирдаг.“ Хэр их дасгал сургууль хийнэ тэр хэмжээгээрээ би азтай байдаг.” – Arnold Palmer Би ч бас Arnold Palmer-тай санал нэг байна.
  2. Хандлага- Хандлагаа өөрчлөх Амьдралыг харах философийг өөрчлөх хэрэгтэй. Мөн өөрийн амьдрал, өөрийгөө харах нүдийг бас өөрчлөнө гэсэн үг. Жнь: Хэрвээ та өөрийгөө амжилттай болж чадна гэдгийг харж чадахгүй, мөн итгэж чадахгүй байгаа тохиолдолд та яаж амжилтанд хүрэх билээ, тэ? Тиймээс өөрийгөө амжилттай байгаагаар харж мөн амжилтанд хүрнэ гэдэгт итгэсэн тохиолдолд хүссэн хүсээгүй амжилт таны хаалгыг тогших болно. “Таны хувийн философи таны амьдрал ямар байхыг тогтоож өгдөг.” – Jim Rohn 
  3. Боломж- Сайхан боломж ирж буйг харж чадах Бид өөрсдийн азыг бүтээдэг. Гэхдээ азыг мэдээж төлөвлөнө гэж байхгүй. Аз гэв гэнэт гарч ирдэг гэдгийг бид бүгд мэддэг. Харин тэр үед түүнийг харж чаддаг байх хэрэгтэй. Хэрвээ та өөрийгөө бэлдээд, хандлагаа өөрчилсөн тохиолдолд энэхүү боломжийг алдахгүй харж чадна гэдэгт би итгэдэг.
  4. Үйлдэл- Энэ бүгдийн дагуу үйлдэл хийх Аз хаанаас ч ирсэн бай хамаагүй (бурхнаас, ертөнцөөс, азын шооноос, тэнгэрийн оддоос) тэр дор нь үйлдэл хийх хэрэгтэй гэдгийг хатуу мэдэх шаардлагатай. Өөрсдийгөө азгүйд тооцдог хүмүүс энэхүү үйлдэл хийхийг мартсан байдаг. Зөвхөн үйлдэл таныг азгүйчүүдийн эгнээнээс гаргаж чадна.
  5. Аз- Аз

Дээрх шатуудыг дагаж чадвал азын тэнгэр таныг үргэлж ивээнэ. Азын тэнгэр бид бүгдийг ивээж байдаг.

Аз тэнгэрээс бууж ирэхэд халхавч бариад халхлах биш нүүрээ тэнгэр өөд харуулж түүнийгээ шүүрч авахад бэлэн байцгаая найзуудаа!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж