Путин эсэргүүцлийн шинэ давалгаанаас айж байна

Хуучирсан мэдээ: 2012.07.24-нд нийтлэгдсэн

Путин эсэргүүцлийн шинэ давалгаанаас айж байна

Амралтын өмнө амжуулж Владимир Путины нам шинэ хуулиудыг машиндав. Эрх баригчид намар өвлийн эсэргүүцлийн шинэ давалгаанд бэлтгэж байна хэмээн Deutsche Welle агентлагийн орос редакцийн Зүүн Европын тасгийн удирдагч Инго Маннтойфель үзэж байна.

Эрх баригч нам нь тааламжтай эгшинг ашиглаж чаджээ. Орост амралтын үе эхэлж буйг Путины “ Нэгдмэл Орос” нам овжин ашиглан чухалхуулиудыг “машиндав”. Шинэ хуулиуд нь нийгмийн халз маргаан, иргэний идэвхийг мэдэгдэхүйцээр хуних боломжийг эрх баригчдад өгч байна. Жагсаал, цуглааны шинэ хууль нь эвлэлдэн нийлж,  цуглах эрх чөлөөг хязгаарласан бол харин “гадаадын туршуул” гэсэн хуулийн хэллэг нь төрийн бус байгууллагуудын ажлыг ээдрээтэй болгож, тэднийг оршин тогтноход тушаа болохоор байна. Эрүүгийн хуулиас хэдхэн сарын өмнө авч хаясан “гүтгэлэг” гэсэн заалтаа эргэн оруулсан. Мөн интернэтийн хяналтыг хүүхэд ба өсвөрийн үеийг хамгаалах нэрийн дор чангатгаж байгаа зэрэг нь ирээдүйд хэвлэл мэдээлэл ба блогчдын эрх чөлөөг хязгаарлах болно.

Ирээдүйн айдас

Оросын зуны халуун дор энэ “хувьсгалын эсэргүү хэрэг”  болж буй нь сүүлийн парламентын болон ерөнхийлөгчийн сонгуулиар гарсан эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахад чиглэсэн эрмэлзэл юм. Путины дэглэм нь намар, өвлийн халуухан үе эхэлнэ гэж айж байгаа бололтой. Нийгмийн дунд давхаргынхнаас гарсан энэ эсэргүүцлийн хөдөлгөөн нь тэдний системд үнэн хэрэгтээ аюулгүй гэж Оросын улс төрийн талаар хийсэн халз маргаанд оролцогсод үзсэн байв.

Нийгмийн болон бүс нутгийн хүрээнд хязгаарлагдмал энэ эсэргүүцлийн хөдөлгөөн нь олон нийтийг хамарвал засаглалд нь бодит хүндрэл тулгарах юм. Өнгөрсөн өвөл тэр нь болоогүй. Тэгээд ч гуравдугаар сарын ерөнхийлөгчийн сонгуулиар Путиныг оросуудын олонх дэмжлээ.

Гэтэл төрийн тэргүүн, намд нэгтгэгдсэн улс төрийн элитүүд нь цаг өөр болсныг ойлгож байна. Нефтийн үнэ унаж байна. Үүнээс шалтгаалсан хүн амын дургүйцлийг нийгмийн халамжаар нөхөх гэсэн Орос орны боломж суларч байгаа. Мөн энэ сарын эхнээс дулаан, цахилгаан зэрэг ахуйн үйлчилгээний хөлсийг нэмж буй. Энэ нь оросуудын нийт хүн амд томоохон дарамт болох ёстой. Хүмүүс амралтаас эргэн ирсэн есдүгээр сараас нийгмийн эсэргүүцэл өрнүүлэх шалтгаан ихээхэн бодитой байхыг үгүйсгэх аргагүй.

Крымскийн эмгэнэл нь юуг харуулав

Хүн амын төр засагт, албан тушаалтнуудад итгэх итгэл таруухан. Гэнэтийн гамшиг, хямралд эрх баригчид ямаршуухан ямаршуухан бэлтгэлтэй байгааг Оросын өмнөд нутгийн Крымск хотод болсон үерээр олон хүн үрэгдсэн эмгэнэл харуулав. Харамсалтай нь  Оросын эрх баригчид өмнөх сүйрэл, онцгой байдлын үед ажиллаж байсан шигээ үүргээ биелүүлж чадахгүй байгааг энэ хэрэг явдал харууллаа.

Путины бий болгосон босоо тэнхлэгийн засаглал нь дунд ангийн төлөөлөгч нарын эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарахад л сайн ажиллаж байна. Харин улс нь иргэдээ хамгааллаа, хямралтай нөхцөлд тэдэнд тусаллаа гэх талд мэдэгдэүйц дутагдалтай ажиллаж байна. Ийм нөхцөлд өргөн олон нийтийн дунд “дээр суугаа эрхтнүүдэд” дургүйцлээ гаргах нь их болдог. Ийм уур хилэн үүснэ гэж Путины систем айж байна.

Тиймээс ч тэд парламентын зуны амралтын өмнө дахин гарч магадгүй эсэргүүцлийн давалгааг хаах хуулийн  хэрэгслээ бэлтгэж авлаа.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж