Зарим жолооч нар бол үүнийгээ их л зөв үйлдэл гэж ойлгодог юм шиг байгаа юм. Үнэндээ өндөр хөгжилтэй орнуудад үүнийг бол хуулиар хориглосон байдаг юм байна лээ. Харин Улаанбаатар бол өөр. Улаанбаатарчууд дуу чимээний бохирдолд хэдийнээ орж,ууртай стресстэй болох нэг томоохон шалтгаан нь алаг тэрэг, автобусны дуут дохиотой холбоотой байхыг үгүйсгэхгүй. Уг нь дуут дохиог яалт ч үгүй онцын шаардлагатай тохиолдолд ашиглах ёстой гэсэн. Харин манайхан улаан гэрэл дээр зогссон хэрнээ л учиргүй сигналддаг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдээгээр бол зүрхний өвчнөөр нас барсан хүмүүсийн гурван хувь нь дуу чимээний бохирдолд орсноос болсон байдаг гэнэ. Монголд бол дуу чимээний стресст ороогүй хүн ингэхэд бараг байхгүй байх аа.
Орой үдшийн цагаар охид, бүсгүйчүүдийг дуудахдаа хүртэл машинаа “шүгэлдүүлдэг” мангар залуус зөндөө байна шүү дээ, Монголд. Дуут дохиог хэрэглэсэнээрээ түгжрэлгүй, осол авааргүй болдог бол манай улс магадгүй дэлхийд тэргүүлэх байх аа. Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар дуут дохиог хоёрхон тохиолдолд л хэрэглэх ёстой юм билээ шүү, тээ. Нэг нь ослын үед, нөгөө суурингаас гаднах замд урдах машинаа гүйцэж түрүүлэх дохиолдолд дуугаргах ёстой юм байна. Гэхдээ манайхан шиг чарлуулахгүй гэсэн үг.
Дуут дохиог хамаагүй, замбараагүй хэрэглэсэн тохиолдолд хариуцлага тооцдог болбол улаанбаатарчуудыг бухимдуулж буй олон стресс нэгээр ч гэсэн цөөрөх биз. Харамсалтай нь тийм заалт байхгүй болохоор хэн нэгэн дуут дохионоос болж цочиж үхлээ гэхэд л хохь нь болоод хоцрох юм байна лээ. Тийм нэг тохиолдол одоогоос зургаа, долоон жилийн өмнө гарч байсан юм даг. Автобус гэнэт сигналдсанаас болоод зам гарч явсан эмгэний зүрх хаагдсан эмгэнэлтэй хэрэг гарсан ч гэлээ хэнч хариуцлага хүлээгээгүй юм даг. Тиймээс чихэндээ хийх бөглөөг байнга авч явахгүй бол байдал ер нь биш болоод байна даа.
Монголчууд муу хүний дуу их гэдэг. Автобусны болоод алаг тэрэгний жолоочийг муу хүн гэж хэлээгүй шүү. Гэхдээ амьд явья гэвэл алаг тэрэг, автобусны чарлаанаас аль болох холхон явахыг хичээгээрэй дээ, нийслэлчүүд минь.