Хойд Солонгос шинэчлэл хийж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.07.24-нд нийтлэгдсэн

Хойд Солонгос шинэчлэл хийж эхэллээ

Хойд Солонгосын залуу дарангуйлагч армийн удирдлагаас дэд маршал Ли Ён Хо гэдэг чухал нөлөөтэй хүнийг хөөлөө. Түүнийг зайлуулсан нь дуулиан тариад байна. Цэргийн жанжин өөрийг нь барихаар ирсэн хүмүүстэй буудалцсан гэцгээж байна. Ли Ён Хо-г огцруулснаар Ким Чен Ын-д тус орны эдийн засгийн хяналтаа бэхжүүлэхэд нь тус болно хэмээн шинжээчид дүгнэж байгаа.

Эцгийгээ нас барсны дараа өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард тоталитар Хойд Солонгосын лидер болсон Ким Чен Ын тус орны удирдлага дахь хамгийн нөлөө бүхий хүн дэд маршал Ли Ён Хогоос салав. Ли Ён Хо нам ба армийн бүх тушаалаас огцорсныг долоо хоногийн өмнө  Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны хуралдааны дараа зарлав. Хойд Солонгосын телевизийн нэвтрүүлэгчид уламжлалт  өнгө аясаараа дэд маршал “өвчний улмаас” тэтгэвэртээ гарлаа гэв. Одоо 69 настай жанжин чухам ямар өвчнөөр зовж буйг тэд хэлсэнгүй. Ямар ч мэдээнд нь армид амьдралынхаа 52 жилийг зориулсан маршлын зүтгэлийг дурьдаагүй нь ажиглагчдад хачирхал төрүүлжээ.

Ли Ён Хо нь өнөөгийн залуу диктаторын эцэгт хамгийн ойр хүмүүсийн нэг байсан юм. Нэгэн гэрэл зурагт Ким Чен Ир насанд хүрсэн хүү Ким Чен Ынын хамт дундаа Хойд Солонгосын цэргийн машины гол хүн болох Пхеньяны хамгаалалтын тэргүүн дэд маршалыг зогсоож байгаа гарсан байдаг. Өмнөд Солонгосын хэвлэлээр бичсний дагуу Ли Ён Хо нь Ким Чен Ир залгамжлагчаа сонгох үед бага хүүг нь сонгуулахад чухал нөлөө үзүүлжээ. Тэрээр Ким Чен Ын-тай 2010 оны есдүгээр сард цэргийн жанжин Солонгосын хөдөлмөрийн намын шинэ Цэргийн төв хорооны орлогч дарга болсон ба 2011 оны арванхоёрдугаар сард  Ким Чен Ирийн шарилыг дагалдан алхсан долоон хамтран зүтгэгчийнх нь тоонд багтсан байлаа. БНАСАУ-ын коммунист дэглэмийг үндэслэгч Ким Ир Сенийн нас барсны 18 жилийн ойгоор энэ сарын 8-ны өдөр  Ли Ён Хо шинэ лидерийн дэргэд зогсч байв.

Ли Ён Хогийн оронд Хён Ён Чхоль томилогдоод шууд дэд маршал цол авсныг СХН-ын Цэргийн төв хороо, БАНСАУ-ын Улсын аюулаас хамгаалах хороо мэдээлэв. Тэрээр Солонгосын Ардын армийн жанжин штабыг толгойлсон баталгаатай мэдээлэлгүй ч үнэн хэрэгтээ энэ тушаалд тавихын туолд маршал болгосон бололтой.

Ли Ён Хогийн уналтын тухай мэдээлэл хомс. Тэрээр дарангуйлагчийн авга эгч Ким Ген Хигийн нөхөр Чан Сон Тхэкугийн аппаратын явуулгад ялагдсан байж магадгүй юм. Мөн одоохондоо дуулгавартай гэхээргүй армийн бүрэн хяналтыг авах гэсэн Ким Чен Ы-нийн оролдлого ч энэ байж болох талтай. Харин The Los Angeles Times сонины шинжээчид улс орны цаашдын хөгжлийн талаарх маргаан энэ огцролтын шалтгаан гэсэн байв.

Засгийн эрхийг авсан эхний дөрвөн сард телевизийн дэлгэцнээ байнга өөртэй нь хамт гардаг “нойтон хамуу шиг” цэргийнхнээс тэр залхсан гэж зарим шинжээчид бичсэн байв. Залуу дарангуйлагчийн бие даах эрмэлзэлтэйг The Foreign Policy сэтгүүл бичихдээ, баллистик пуужингийн ээлжит туршилт нь амжилтгүй болсны маргааш нь тэрээр Хойд Солонгосыг цөмийн гүрэн хэмээн зарлаж байсныг энд жишээ болгосон байна. Пуужин хөөргөхөө өргөнөөр сурталчилж, түүний бүтэлгүйтснийг нуугаагүй зэрэг нь Ким Чен Ын бол “дайныг хүсэгч биш” гэж харуулсан хэрэг хэмээн зарим хүн үзэв. Залуу дарангуйлагчийн дүр нь бусдаас арай өөр. Саяхан тэр Диснейн баатруудын хүрээлэлд гарч ирсэн ба тэр эмэгтэйчүүдэд жиинс өмсөх, ээмэг зүүхийг зөвшөөрсөн  юм. “Түүний энэ алхам нь түүний байдал тогтворжиж, нөөцийг цэргийнхэнд зориулах биш өөрөө мэдэн  хувиарлах эрхтэй болсны гэрч” хэмээн шинжээч Кен Гоуз дүгнэв. “Нөөц ба сан хуримтлалыг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрт шилжүүлэх шаардлагатайг” бага Ким дөрөвдүгээр сард хэлж байсан юм. Тавдугаар сарын сүүлчээр Хойд Солонгосын хэвлэлд үндэсний гол чиглэл нь батлан хамгаалах салбар байх ёстой гэсэн нэгэн материал нийтлэгджээ. Түүний ард Ли Ён Хо эсвэл өөр хүчин байж магадгүй, гэхдээ дэд маршал л суудлаа алдсан юм. Дэд маршал сайн дураараа огцроогүй гэсэн яриа Өмнөд Солонгост гарчээ. Түүнийг албан өрөөнөөс нь гаргахаар ирсэн хүмүүстэй хамгаалагч нар нь буудалцсан гэж хэлж байна. Өмнөд Солонгосын Chosum Ilbo сонин тагнуулын албаны мэдээлэгчийнхээ мэдээнд тулгуурлан дэд маршалын хамгаалагчид Цой Рен Хэ гэдэг дэд маршалын толгойлсон 20-40 цэргийнхнийг хороосон гэв. “Ли Ён Хо шархадсан эсвэл алагдсан байхыг үгүйсгэх аргагүй” гэж сонин өгүүлжээ.

Нөгөөтэйгүүр дэд маршал өөрөө огцорсон ч байж болох магадлалтай гэнэ. “Хойд Солонгос цэргийнхнийг ямагт тэргүүнд тавьж ирсэн. Цэргийнхнийг эдийн засаг, амжиргааг сайжруулахад хариуцлага үүрүүлдэг. Тэд түүнийг нь дандаа бүтэлгүйтүүлж ирсэн болохоор дэд маршал хариуцлагыг өөртөө аван огцорсон байж магадгүй” хэмээн Сөүлийн Их сургуулийн Хойд Солонгосын судалгааны профессор Ян Му Чин хэлжээ. 

Өнгөрсөн лхагва гаригт Ким Чен Ын өөрийн байдлыг бэхжүүлж чадлаа. Түүнд маршал цол олгосон байна. Үүнээс өмнө тэр генерал байсан ба дээр нь зургаан дэд маршал байжээ.

Энэ тухай мэдээлэл хачирхалтай байдлаар цацагдав. Төрийн телевиз 45 минутын дараа онцгой мэдээ уншина гэж байгаад энэ талаар мэдээлжээ. Ингэх болсон шалтгаан нь Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн танхим аюулгүй байдлын асуудлаар онцгой хуралдаан хийхдээ тулсан байлаа.

Ким Чен Ын цэргийн бүх засгийг гартаа авснаар намын удирдлага нь армийн дээд хэсгийг ялсан хэрэг болж байна. Гурван сарын өмнө армийн удирдлагад намын зүтгэлтнүүдээс хоёр дэд маршал гарсан юм. Ким Ден Гак Батлан хамгаалахын сайдаар Цэргийн төв комисст Ким Чен Ынын орлогч байсан Цой Рен Хэ армийн улс төрийн газрын даргаар тус тус томилогдон дэд маршал цол авцгаасан юм. Мөн энэ гурван сарын дотор Ким Чен Ынын дахин шүтлэгийн кампанийг Хойд Солонгост идэвхтэй явуулжээ. Бодит засаглалыг гартаа авах нь Ким Чен Ын болон түүний хүрээлэгч нарт Хятадын маягаар зах зээлийн шинэчлэл хийхэд нь тустай байж болох юм. Ли Ён Хогийг огцруулсан хийгээд эдийн засгийн хөшүүргүүдэд хяналтаа тогтоон намын дээд удирдлага нь Засгийн газартаа шинэчлэл хийх  бэлтгэлийг хангах тусгай хэсгийг байгуулж байгаа мэдээлэл гарсан байна.

Дараалаад Хойд Солонгос цөмийн асуудлаа эргэн харна хэмээн Гадаад яам нь мэдэгдсэн байна. Тэр нь юу гэсэн үг вэ гэдэг нь тодорхойгүй. Гэхдээ үүгээр Хойд Солонгос АНУ-ын талаас буулт хийлгэх гэсэн хэрэг хэмээн шинжээчид дүгнэжээ. Эс тэгвээс цөмийн хөтөлбөрөө улам цааш явуулах алхам хийхээс өөр замгүй.

“Нөхцөл байдал бидэнд цөмийн хөтөлбөрөө бүрэн хэмжээнд эргэн харахад хүргэлээ” хэмээн яамны мэдэгдэлд нь баасан гаригт өгүүлсэн байлаа. Энэ мэдэгдэлд Хойд Солонгосыг үндэслэгч Ким Ир Сений хөшөөг нураан устгах гэсэн АНУ, Өмнөд Солонгосын оролдлогыг буруутгаж байна гэж онцолжээ. Ийм яриа гарч байгааг барууны хэвлэлээр бичихдээ БНАСАУ цөмийн шинэ туршилт хийх бэлтгэл байж магадгүйг хэлж буй.

Үүний өмнөхөн Өмнөд Солонгост зугтан гарч байсан дүрвэгч Чон Ен Чхоль гэгч улсаасаа урвасан хэргээ хүлээсэн юм. Тэр өмнөдийн тагнуулынханд дагаар орон өндөр шагналаар “аймшгийн гэмт хэрэг хийх гэж байсан” гэнэ. Тэр хил орчмын нэг хотод Ким Ир Сений хүрэл хөшөөг дэлбэлэх ёстой байсан байж. Гэвч түүнийг хуулгай наймаачин маягаар Хятадын хил давах гэж байхад нь зургадугаар сарын 18-ны өдөр барьсан гэнэ. Түүнийг элсүүлэн сургах ажлыг өмнөдийн тагнуулчид америкчуудын хамт хийсэн болов. Түүний хэсэг хөшөөг дэлбэлэхээр бэлтгээр тэр Хятадаас Хойд Солонгост нэвтрэх тусгай замыг туршиж явжээ. Тэсрэх бодисыг хожуу тэр замаар авах ёстой байсан гэнэ. Эх орны чөлөөлөх дайны ялалтын баяр (Солонгосын дайн 1950–1953 онууд) гэдэг долдугаар сарын 27-нд тэд хөшөөг дэлбэлэх ёстой байж.

Цөмийн асуудлын хувьд хоёрдугаар сарын сүүлчээр БНАСАУ ба АНУ хоёр тохиролцон  Пхеньян 240 мянган тонн хүнсний тусламж аваад уран баяжуулалтаа зогсоох ёстой байв. Гэвч дөрөвдүгээр сард Пхеньян үүргээсээ ухран хиймэл дагуултай баллистик пуужин хөргөхөөр оролдсон учир АНУ тэр тусламжийг зогсоожээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж