Энэ удаа Баянхонгор аймгийн 20 сум, есөн багаас спортын 28 баг, 756 тамирчин есөн төрлөөр гурван хоногийн турш өрсөлдөх юм байна. Чөлөөт бөх, жүдо, хүүхдийн хөлбөмбөг гэх мэт спортын есөн төрөл тус бүрд медальтнуудыг тодруулж, багийн онооны нийлбэр дүнгээр эхний гурван байрын эздийг мөн шалгаруулах юм байна. Энэ жилийн олимпийг Монголын Үндэний олимпийн хороо, Биеийн тамир спортын газар, “Ардчилал сан”, “Техник импорт нэгдэл”, “Женко” клуб, Баянхонгор аймгийн ЗДТГ, Баянхонгор аймгийг жишиг аймаг болгох хөтөлбөр, Баянхонгор аймгийн салбар хороод хамтран зохион байгуулж, 2008 оны уламжлал ёсоор говийн мазаалайг бэлгэ тэмдгээ болгохоор болжээ. Энэ жилийн бага олимпийн онцлог нь тус аймгийн сум бүрээр олимпийн бамбарыг аялуулах юм байна.
Баянхонгорт бага олимп болно
УИХ-ын гишүүн Х.Баттулгын санаачилгаар 2008 оны тавдугаар сард Баянхонгор аймагт анх удаа бага олмипийн бамбарыг буухиалж, дөрвөн жил тутамд уламжлал болгон зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн нь аймгуудаас анхдагч болсон юм. “Баянхонгор бага олимп-2008”-ын “Бага олимпоос их олимпийн оргил өөд” уриа биеллээ олж, “Бээжин-2008”-аас монголчууд анх удаа олимпийн аваргатай болж байлаа. Тэгвэл энэ удаагийн бага олимпийг ирэх сарын 10-12-нд буюу Лондонгийн олимпын сүүлийн өдрүүдэд Баянхонгор аймагт зохион байгуулах гэж байна.
Т.МАША