
Киргизийн зайлуулагдсан ерөнхийлөгч Курманбек Бакивын бага хүү Максим Бакиевийг хайхаар Латвийн цагдаагийн газар эрэл зарлажээ. Тус орны Дотоод хэргийн сайд Линда Мурниецегийн мэдэгдлээс ишлэн энэ талаар "Интерфакс" мэдээлж байна.
Ерөнхий прокурорын газрын төлөөлөгч Андрей Васкс хэлснээр бол эрэл зарлах үндэслэл нь Киргизийн хүсэлт биш харин интерполоор дамжуулан хайх жагсаалтад Максим Бакиевыг оруулсан явдал болжээ.
Интерпол Киргизийн хөгжил ба хөрөнгө оруулалт, шинэ технологийн төв агентлагийг удирдаж байсан Максим Бакиевыг залилангийн хэргээр хайж байгаа аж.
Үүнээс өмнө Максим Бакиевыг барин авч шилжүүлэх Киргизийн хүсэлтийг Латви авсан ба тэнд бичигдсэн үндэслэл нь зөрөлдөөнтөй тодорхойгүй байсан гээд тодруулж өгөхийг Киргизээс хүссэн байлаа.
Максим Бакиев Латвиас орогнол хүссэн үү гэсэн сэтгүүлчийн асуултад Латвийн Дотоод хэргийн сайд хариулсангүй. Мөн Курманбек Бакиевын хүүгийн дипломат паспорт өнөөг хүртэл хүчинтэй хэвээр байгаа ажээ.
Максим Бакиев тус улсад хэд хэдэн компанитай гэнэ. Киргизийн төрийн эргэлтийн дараа Максим Балтийн энэ оронд ирсэн тухай хэвлэлээр гарсан байлаа. Харин одоо тэр хаана байгаа нь тодорхойгүй юм.