Морьтон монголчуудын мөнхийн омогшил “Тод магнай” сэтгүүлийн 31 дэх дугаар худалдаанд гарлаа. Их монгол улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн төрийн наадмын хурдан морины уралдаанаас хийсэн баярын дугаарын эхнийх нь ийнхүү хэвлэлтээс гараад байгаа юм. Жилээ даадаг наадмын сонин сайхнаас багтаасан “Тод магнай”-н шинэ дугаарт Монгол улсын Зууны манлай уяач, гавьяат малчин, Тод манлай Данзаннямын Даваахүү уригдаж, “Монгол наадам гэдэг тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг, төрийн том наадгай” болох талаар сонирхолтой ярилцлагыг дэлгэжээ. Ийнхүү нэгэн цагт “Хадаа аваргыг командалж явсан цэргийн заан”-ы ярилцлагаар үүцээ задлах баярын дугаарт Төрийн наадмын дээд гурван насанд морьдоо түрүүлгэж, айрагдуулсан цог заль нь гэрэлтсэн уяачид саатан, хурдан хүлгэдийнхээ тухай болон баярын наадмын сэтгэгдлээсээ хуваалцсан байна. Өөрөөр хэлбэл дээд насанд түрүүлж айрагдсан 15 хүлгэдийн дэлгэрэнгүй танилцуулга, эздийн сэтгэлдлийг фото зургийн хамтаар нийтэлжээ. “Тод магнай” сэтгүүлийн энэ жилийн хамгийн “амттай” энэ дугаарын “Холбоод” буланд Дундговь аймгийн “Нарны хүлэг” МСУХ-ны хамт олон саатсан бол “Монгол бардамнал” Үндэсний бөхийн болон сурын харвааны баяр наадмын сурвалжлагыг сонирхолтой фотон хамтаар хүргэж байна. Ийнхүү моринд хайртай монгол түмэндээ хаягласан “Тод магнай” сэтгүүлийн шинэ дугаарыг “Интер” номын дэлгүүр, сонин борлуулах цэгүүдээс худалдан авч болох юм.
Мөн редакцийн 9406-2992, 9665-2992 дугаараар холбогдон авч болно.