Монголын оюутны спортын холбооны урилгаар Польш улсын оюутны спортын холбооны төлөөлөгчид 2012 оны долдугаар сарын 24-28-нд Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ. Төлөөлөгчдийн тэргүүнээр Польш улсын Вроцлав хотын дарга Рафал Дуткевич ирж байгаа бол бүрэлдэхүүнд нь Олон улсын оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн Мариан Дималски, Вроцлавын хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга Чеслав Адамски, Аялал жуулчлалын агентлагийн дарга Хенрек Крусзински, хотын даргын спортын зөвлөх Збигниев Корзениовски, Польшийн оюутны спортын холбоо, “Klub Srodowiskowy” Akademicki Zwiazek Sportowy-ийн удирдах зөвлөлийн гишүүд Илиас Филипидис, Х.Станислав нарын албаны хүмүүс багтжээ.
Төлөөлөгчид нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзоригт болон хотын цагдаа, аялал жуулчлал, хот төлөвлөлт, спортын газрын дарга нартай өөрсдийн ажлын чиглэлээр уулзалт хийх юм. Түүнчлэн Олон улсын оюутны спортын холбооны ерөнхий санхүүч, Монголын оюутны спортын холбооны ерөнхийлөгч Д.Баясгалантай хамтран ажиллах гэрээ байгуулж, хоёр орны оюутны спортын байгууллагынхан харилцан туршлага солилцох, их дээд сургуулийн спортын үйл ажиллагаатай танилцана. Мөн төлөөлөгчид хөдөө орон нутагт аялах хөтөлбөртэй юм.
Польшийн төлөөлөгчид долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр 2009 оны тавдугаар сард Монголын оюутны спортын холбооны шугамаар ажлын анхны айлчлалаа хийж байсан юм.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО