-ОХУ газрын тосны бүтээгдэхүүний экспортын татвараа 12 хувиар бууруулсан байгаа. Ингэхээр татвар нь яг хэдэн ам.доллар болж байна гэсэн үг вэ?
-ОХУ автомашины шатахууны экспортын татвараа тонн тутамд 377.4 ам.доллар байснаас 12 хувиар буюу 332.4 ам.доллар болгож бууруулсан. Дизель түлшний хувьд, тонн тутамд 277.7 ам.доллар байсан бол 243.7 ам.доллар болж мөн адил 12 хувиар буурсан юм. Энэ нь наймдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ.
-Монгол Улсад шатахуун нийлүүлэгч гол түнш ОХУ ийнхүү экспортын татвараа буулгасан үед Монголд шатахууны үнэ буух уу?
-ОХУ-ын гадаад улсад нийлүүлэх экспортын татвар буурсан. Гэхдээ Монголд орж ирэх шатахууны үнэ буурна гэдэг шийдвэр гараагүй байна. Шатахууны үнэ тодорхой хэмжээгээр буурах боломжтой. Шууд хэлж болохгүй байгаа нь манай хөрш улс шатахууны экспортын үнээ нэмж л байдаг, буулгаж л байдаг. Үүн дээр үйлдвэрлэлийн үнэ болон эцсийн дамжлага буюу хилийн үнэ нэмэгддэг юм. Харин саяны экспортын татварын үнэ буусан нь хилийн үнэ буухад нөлөөлөх боломжтой учир ирэх сард Монголд шатахууны үнэ буух боломжтой гэж хэлээд байгаа юм.
-Шатахуун импортлогч дотоодын компаниуд үнийн тухайд ямар байр суурьтай байгаа бол?
-Монгол Улсад шатахуун импортлогч, байнгын идэвхтэй 10 компани байна. Одоогоор тэд үнэ буулгана, нэмнэ гэсэн мэдээлэл алга. Гэхдээ гол нийлүүлэгч маань буулгаж эхэлж байхад, шатахууны үнэ буух боломжтой л юм. Энэ тухай тогтсон үнэ гараагүй байна.
-Монгол Улсын хувьд, шатахуун импортлох үнийн гэрээг хэзээ хийдэг юм бэ?
-Ер нь ОХУ-тай энэ гэрээгээ сар тутам хийдэг юм. Ингэхдээ дэлхийн зах зээлийн хандлагаас хамаарч үнийн зохицуулалтын гэрээгээ хийдэг.
-Шатахууны үнэ болон нийлүүлэлтийн тогтвортой байдлын гэрээ бас хийдэг?
-Сар бүрийн үнийг тогтоох хийдэг дээрх гэрээнээс гадна бид ОХУ-тай хамтраад Тогтвортой байдлын гэрээ хийдэг юм. Үүнийг энэ сард хийсэн бөгөөд нэг жил, зургаан сарын туршид хүчинтэй. Тэгэхээр өмнөх саруудыг хараад үзсэн ч тэр, гэрээнийхээ хувьд ч тэр ойрын саруудад ер нь тогтвортой байх хандлага бий л дээ. Энэ удаагийн гэрээгээр сар тутамд А80 бензин, АИ92 доод тал нь10 мянган тонн, дизель түлш өмнөх гэрээгээр 40 мянган тонн байсныг 50 мянган тонн болгон нэмэгдүүлсэн байгаа. Өөрөөр хэлбэл, ОХУ-д шатахууны ямар ч хомсдол үүслээ гээд нийлүүлэлт багасах учиргүй юм.
-Шатахууны үнийг барих тал дээр яамнаас ямар нэгэн зохицуулалт хийдэг үү. Дотоодын компаниуд үнээ нэмэх болсон мэдэгдлээ яаманд ирүүлэх ёстой юу?
-Шатахуун импортлогч компаниуд бидэнд үнээ нэмэх мэдээлэл, мэдэгдлийг ирүүлэх шаардлагагүй. 2012 оны нэгдүгээр сар хүртэл үнийг зохицуулах ажлын хэсэг энэ талаар анхаарч, зохицуулдаг байж байгаад татан буугдсан. Түүнээс хойш импортлогч компаниуд өөрсдөө үнээ зохицуулдаг болсон. Яамны зүгээс бол хангамжийг тогтвортой байлгах бодлогын асуудлыг зохицуулж байна. Ногдуулах татвар, хураамжийг Сангийн яам хариуцаж байна. Одоогоор шатахуун импортлогч нарт ногдуулдаг Онцгой албан татвар, гаалийн татварыг тэглэсэн байгаа. Зөвхөн НӨАТ л байгаа юм.
-Үнийг зохицуулах ажлын хэсэг хэрхэн ажилладаг байсан юм бэ?
-2012 он гараад нэгдүгээр сард шатахууны үнэ гэнэт өссөнийг хэн бүхэн мэднэ. Үүнээс өмнө шатахууны үнийн асуудлыг хянадаг Сангийн яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Газрын тосны хэрэг эрхлэх газар, Нефть, хийн ассоциаци зэрэг яамд, агентлагийн төлөөллүүдээс бүрдэх ажлын хэсэг ажиллаж байсан юм. Ингэхдээ гол нийлүүлэгчээс үнээ өсгөсөн тохиолдолд дотоодоос арга хэмжээ авч ажилладаг байсан. Тодруулбал, нийлүүлэгчээс үнэ өсвөл дотоод татвараа тэглэх, нийлүүлэгчийн үнэ буурвал татвараа багаар нэмэх зэргээр тэнцвэржүүлдэг байсан.
-Ажлын хэсгийг яагаад татан буулгасан юм бэ?
-2012 он гараад шатахууны үнэ гэнэт өсөхөд ажлын хэсгийнхний зүгээс авах бүх арга хэмжээг авсан байсан. Тэр үед шатахуун импортлогч компаниудад тавих татварыг тэглэсэн байсан ч дотоодоосоо авах арга хэмжээ мухардалд орсон гэж хэлж болох. Гадаад зах зээлийн хямралаас болсон тэрхүү валютын үнийн хэлбэлзэл, өсөлтөөс хамаарсан хямралаар ажлын хэсгийг татан буулгах шийдвэрийг УИХ-аас гаргасан юм. Түүнээс хойш дээр хэлсэнчлэн компаниуд үнээ тогтоох асуудлыг өөрсдөө шийдэх болсон.
-Үнийн тал дээр тэгвэл ямар ч хяналт байхгүй гэж үү?
-Төрөөс бол үнийг буулгах шаардлага тавьж болохгүй. Харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар үүнд зохих хяналт тавьдаг юм.