-Та ерөнхий нарийн бичгийн даргад нэрээ дэвшүүлэхгүй гэж мэдэгдсэн гэх юм. Энэ үнэн үү. Үнэн бол яагаад?
-Маргааш болох намын Бага хурлаар тодорхой асуудлуудыг дүрмийн хүрээнд шийдэхээр байгаа. Намын дарга, ерөнхий нарийн бичгийн даргын асуудал ч Бага хурлын хүрээнд шийдэгднэ. Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвших магадлалтай хүмүүсийн талаар яриа гарч, тэдэн дунд миний нэр хэвлэлээр бичигдэж байсныг би харсан. Гэхдээ таны асууж байгаа үнэн. Би ерөнхий нарийн бичгийн даргад нэрээ дэвшүүлэхгүй.
-Яагаад. Харин ч ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа хүний хувьд илүү томилогдох магадлалтай юм биш үү?
-Би үүрэг л гүйцэтгэж байгаа хүн. Үүрэг гүйцэтгэгч гэдэг нэр маань өөрөө агуулгаараа үүнийг илэрхийлж байгаа болов уу. Зурвасхан атлаа амаргүй, хариуцлагатай цаг үед энэ албыг хашиж таарлаа. Яг энэ цаг үед манай намын Удирдах Зөвлөлөөс надад итгэл хүлээлгэж, үүрэг ногдуулсан. Энэ цаг хугацаанд намынхаа Удирдах зөвлөл, Хэрэг эрхлэх газрыг шуурхай, хэвийн ажиллуулж, намынхаа эв нэгдлийг хангах нь л миний үүрэг гэж бодож ажилласан. Манай намын Генсек гэдэг бол том ачаа, том хариуцлага. Нэр дэвшихийг хүсч байгаа бүх хүн л үүнийг нягталж бодох учиртай. Миний хувьд бол энэ удаа цаг нь биш.
-Таныг Генсекийн үүрэг гүйцэтгэгч болох үеэр Сүхбаатар дүүргийн цагдаа дээр саатуулсан мэдээлэл цацагдсан энэ таны шийдвэрт нөлөөлсөн юм биш биз дээ?
– Үгүй дээ энэ нөлөөлөөгүй. Автомат машинтай холбоотой асуудлаар зөвхөн би ч биш бүгд л сонгуулийн үед ярьж байсан. Ардчилсан нийгэмд хүн мэдээлэл авч, үзэл бодлоо илэрхийлж, нягталж шалгуулах хүсэлт тавьж болно шүү дээ. Ийм зүйлд эрүү үүсгэж байгааг гайхаж байгаа. Гэхдээ миний шийдвэрт энэ асуудал огтхон ч нөлөөлөөгүй.
-Танай намын зарим гишүүд жигүүр, бүлгэм байгуулах асуудал нэлээд хэвлэлээр яригдах боллоо. Энэ талаар?
-Тийм ээ. Өглөөний 09 цагаас, оройн 21 цаг хүртэл нам дээрээ ажиллаж, уулзахыг хүссэн бүх хүмүүстэй уулзаж байна. 1921 утас нээлттэй ажиллаж байна. Олон л хүмүүс үзэл бодлоо илэрхийлж байна. Тэдний дунд энэ асуудлыг ярьсан хүмүүс ч бий. Ардчилсан нийгэмд байх л асуудал. Энэ асуудлыг Бага хурал бүрэн эрхийнхээ хүрээнд авч үзнэ биз ээ.