“Aspire Mining Limited” (ASX:AKM) компани менежментийн багийн ахлагч Жеймс Бенсоныг Хөвсгөл аймгийн нутаг дахь “Овоот” төслийн захирлаар томилжээ. Жеймс Бенсон нь хуучин Монгол-Зөвлөлтийн хамтарсан төслүүдэд ажиллаж байсан, туршлагатай инженер юм байна. Жеймс Бенсон “Овоот” төслийг удирдахаас гадна уул уурхайн дэд бүтцийн ажил болон “Aspire Mining Limited” компанийн охин компани “Northern Railways LLC”-ийн барьж буй Эрдэнэтээс Мөрөн хүртэлх төмөр замын шугам тавих ажлын менежментийн багийг ахлах юм. Монгол, Казакстан, Украйнь, ОХУ-д арваад жил ажилласан Жеймс Бенсон инженерчлэл, барилгын менежментийн салбарт 30 жил ажилласан арвин туршлагатай нэгэн гэнэ. Өнгөрсөн тавдугаар сард “Овоот” төслийн техник эдийн засгийн үндэслэлийг тогтоосон “Aspire Mining Limited” тус ордоос 2016 онд зургаан сая тонн метр сайн чанарын коксжих нүүрс олборлохоор төлөвлөж байгаа юм. Мөн 2018 онд олборлолтын хэмжээг жилд 12 сая тонн метр болгох аж.
“Aspire Mining Limited” 100 лицензийг нь эзэмшдэг Монголын хамгийн үзэсгэлэнт байгалийн тогтоцтой Хөвсгөл аймгийн нутаг дахь “Овоот” ордын коксжих нүүрсний нөөцийг 2010 онд 330 сая тонн гэж тогтоосон юм.
Н.Энх