Энэхүү Судалгааны баг нь сүүлийн гурван сард Засгийн газрын бүтэц, чиг үүргийг яам, агентлагууд дээр судалж, зарим орны туршлагад түшиглэн гаргасан судалгааны ажлын эхний шатны тайлан, санал зөвлөмж, Засгийн газрын бүтцийн хувилбарыг Ардчилсан намын дарга Н.Алтанхуягт болон УИХ-д суудалтай намын бүлгүүдэд хүргүүлсэн байна.
Судлаачдын санал болгож буй зөвлөмжид:
Шинэ Засгийн газар нь хуулиар олгосон бүрэн эрхээ цогц байдлаар хэрэгжүүлэх бололцоог хангасан, хөгжлийн шинэ хандлага, үндэсний уламжлал, онцлогийг харгалзсан зохион байгуулалтын бүтцийг бүрдүүлж, дараах долоон чиглэлийн бүрэн эрхийг хэрэгжүүлбэл зохистойг зөвлөжээ. Үүнд:
- Эдийн засгийн хөгжил, шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаарх бүрэн эрх
- Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудлаархи бүрэн эрх
- Хүрээлэн буй орчин, бүс, орон нутаг, хотын хөгжлийн талаарх бүрэн эрх
- Төрийн болон орон нутгийн захиргаа, хууль эрх зүйн талаарх бүрэн эрх
- Хүний эрх, эрх чөлөө, нийгмийн хэв журмыг сахиулах талаарх бүрэн эрх
- Батлан хамгаалах, нийгмийн аюулгүй байдлын талаарх бүрэн эрх
- Гадаад харилцаа, гадаад хамтын ажиллагааны талаарх бүрэн эрх
Засгийн газрыг байгуулахдаа чиг үүрэг, бүрэн эрхийг хэт жижигрүүлэхгүй, давхардал үүсэхгүйгээр яамдад хуваарилж, хэрэгжилтийн цогц байдлыг хангах хэмжигдэхүүнийг шалгуур үзүүлэлт болгож ашиглахыг санал болгосон байна.
Засгийн газрын шинэ зохион байгуулалт нь сайн засаглалын дараах гурван тулгуур зарчмуудыг иж бүрнээр хэрэгжүүлэх нь төрийн удирдлагын зохистой, үр ашигтай байдлыг хангана гэжээ. Үүнд:
- Засгийн газрын үйл ажиллагаа тодорхой байх;
- Хариуцлагын тогтолцоо тодорхой байх;
- Ил тод, нээлттэй, иргэдийн оролцоог хангасан байх;
Засгийн газрын үйл ажиллагаа тодорхой байх – Энэ зарчим нь Засгийн газар чиг үүрэг, бүрэн эрх тодорхой хуваарилагдсан, зааг хязгаар нь ойлгомжтой байх асуудал юм. Бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээ, хязгаарыг Засгийн газрын тухай хуульд тодорхой зааж, шаардлагатай нэмэлт зохицуулалт, дүрэм журмыг боловсронгуй болгох замаар бодлого, үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт үнэлгээг хийх зохион байгуулалтын оновчтой бүтцийг бүрдүүлнэ.
Хариуцлагын тогтолцоо тодорхой байх – Монгол Улсын Засгийн газар, яам, агентлаг, орон нутгийн захиргааны байгууллагын бүрэн эрхийн хүрээ, хязгаар тодорхой, давхардал, хийдэлгүй байхын хамт, хүлээсэн чиг үүргийнхээ хэрэгжилтийг тайлагнах тогтолцоо ойлгомжтой байх асуудал юм. Хариуцлагын тогтолцоо нь хариуцан тайлагнах, үр дагавар гэсэн хоёр ойлголтыг өөртөө багтаадаг.
Ил тод, нээлттэй, иргэдийн оролцоог хангасан байх – Сайн засаглалыг хөгжүүлэх чармайлт бүр нь төрийн байгууллагын нээлттэй байдлаас шалтгаалж байдаг. Засгийн газар чиг үүргээ хэрэгжүүлэхдээ иргэд, олон нийтийн оролцоог хангаж, гэрээгээр болон төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмыг ашиглана. Төрийн үйлчилгээний шуурхай байдлыг хангахад ил тод, нээлттэй байдал чухал үүрэгтэй.
Ийнхүү шинэ Засгийн газрын чиг үүрэг, бүтэц, бүрэлдэхүүнийг боловсруулахад эрдэмтэд, судлаачдын ирүүлсэн үнэтэй санал зөвлөмж ихээхэн ач холбогдолтой болох нь тодорхой юм гэж Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдээлэв.