“Монгол 999”-ийнхэн гүйцэтгэх захирлаа товлов

Хуучирсан мэдээ: 2010.05.13-нд нийтлэгдсэн

“Монгол 999”-ийнхэн гүйцэтгэх захирлаа товлов

Монгол компаниудын нэгдэл “Монгол 999”-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл өчигдөр 15.00 цагаас хуралдан гүйцэтгэх удирдлагаа томилох зэрэг долоон асуудал хэлэлцэж байгааг бид мэдээлсэн. Шөнө дөл хүртэл үргэлжилсэн хурлаар гүйцэтгэх удирдлагын багийг олон улсын хэмжээнд нээлттэй тендер зарлан, мэдлэг боловсролтой чадварлаг менежментийн баг болон менежерүүдийг шалгаруулан ажиллах нь зүйтэй гэж үзсэн байна. Харин нэгдлийн өдөр тутмын ажлыг хариуцах гүйцэтгэх захирлаар “Монгол 999” нэгдлийг санаачлагчдын нэг “Тур” компанийн захирал Ө.Батбаярыг сонгох санал гаргалаа. Ө.Батбаяр нь 1972 онд төрсөн цахилгааны инженер мэргэжилтэй, Япон улсад дээд сургууль төгссөн, англи япон хэлтэй, Олонулсын JCI байгууллагын Ази, Номхон далайн Дэд ерөнхийлөгчөөр ажилладаг. “Монгол 999” байгуулсан энэ хугацаанд хурал зохион байгуулах, бичиг баримт боловсруулах зэрэг ажилд идэвхтэй оролцсон, зохион байгуулах авьяас чадвартай, өндөр мэдлэг чадвартай гэдгээ харуулсан гэж ТУЗ-ийнхөн үзжээ.
ТУЗ маргааш буюу баасан гаригт дахин хуралдаж, гүйцэтгэх захирлаа албан ёсоор томилон, дараагийн ажлын төлөвлөгөөгөө гаргаж, гүйцэтгэх удирдлагын баг сонгох тендер боловсруулна. Олон улсын хэмжээнд нээлттэй тендер зарлах учир энэ ажилд нэлээд хугацаа шаардагдах бололтой.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж