Халаасны хулгайчид Лондонд үүрлэжээ

Хуучирсан мэдээ: 2012.07.23-нд нийтлэгдсэн

Халаасны хулгайчид Лондонд үүрлэжээ

“Лондон 2012” олимпийн наадам хаяанд ирсэн энэ үед буурал Европын нийслэлд зүүн Европын  орнуудаас халаасны хулгайчдын бүхэл бүтэн “арми” буусан гэнэ. Олимпийн бэлтгэл ажил бараг дуусч буйтай зэрэгцэн Лондон хотын цагдаагийн газарт өдөрт л гэхэд халаасаа сэгсрүүлсэн 1,700 гомдол ирж байгаа аж. Олимпийн үеэр Лондон хотод халаасны хулгайн “тахал” нүүрлэж болзошгүй байгаа бөгөөд эзэд нь зүүн Европоос очсон халаасны хулгайн бүлэглэлүүд аж. Өрийн хямрал нүүрлэсэн Европт, тэр дундаа хуучин социалист гэгдэж байсан зүүн Европын орнуудад ажилтай хүн ховордсон нь халаасны хулгайг идэвхижүүлсэн аж. Хулгайн гэмт хэргийн бүртгэлээс харахад Лондон хотод сүүлийн хоёр жилийн хугацаанд халаасны хулгайн гаралт 17 хувиар нэмэгджээ.

 
BBC телевизийн зураг авалтын багийнхан саяхан халаасны хулгайн бүлэг хулгайчдыг үйлдэл дээр нь барьж, камерт бичиж үлдээжээ. Лондоны цагдаа нар олимп болоход ердөө хэдхэн хоног дутуу байгаа энэ үед жуулчдыг сэгсрэхээр Румынь, Литва, Өмнөд Америкаас ирсэн мэргэжлийн бүлэг хулгайч нараас сэрэмжлэхийг анхааруулж байгаа гэнэ. BBC-ийн зураглаачийн дуран өртсөн хулгайчид Румынээс ирсэн байсан бөгөөд хохирогчдыг гэнэдүүлэн, толгойг нь эргүүлж халаасыг нь ухдаг болохыг мөрдөгчид тогтоосон байна. Тэд Испанийн Барселона хотод мөн яг ийм тактикаар гэмгүй хүмүүсийн халаасыг хоосолдог байжээ. Тэдгээр хулгайчид жуулчид, тамирчдыг сэгсэрч хэтэвч, гар утас, лаптоп зэргийг нь хулгайлан долоо хоногт л гэхэд 4,000 евро олдог гэнэ. Хулгайч нар хулгайлсан зүйлсээ Румын руу каргогоор явуулж, хар зах дээр худалдаалдаг аж. Лондонгийн олимпын үеэр Олимпийн хотхонуудад  цагдаагийн нэмэлт хамгаалалт, эргүүл гаргах боловч цагдаа нарт сэжигтэн этгээдийг баривчлах эрх байхгүй. Цагдаа нар хулгайчийг үйлдэл дээр нь баривчлах нь ховор боловч тэдний үйлдэлд саад болдог аж. Хулгайн замаар олсон зүйлсийг худалдах замаар ашиг олж, асар үнэтэй орд харштай болсон румынь гэр бүлийг өнгөрсөн дөрөвдүгээр сард илрүүлж, шоронд хорьсон юм. Халаасны мэргэжлийн хулгайч Ростогийн гэр бүлийнхэн Лондоны шөнийн галт тэргээр зорчигчдын эд зүйлсийг хулгайлдаг байсан нь тогтоогдсон аж. Тэдний хохирогчдын тоо 1000 хол давсан юм. Ростогийн гэр бүлийн таван гишүүнд Румынийн шүүх дээд тал нь 10 жил  шоронд хорих ял оноосон билээ.


Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж