Олимпийн медалийг эрдэнэсийн санд хадгалж байна

Хуучирсан мэдээ: 2012.07.23-нд нийтлэгдсэн

Олимпийн медалийг эрдэнэсийн санд хадгалж байна

Хэдхэн хоногийн дараа Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсын нийслэл Лондон хотод зуны олимпийн наадмын нээлт болох гэж байна. Олимпийн аваргуудын медалийг Рио Тинтогийн АНУ дахь Кеннекот Юта Коппер уурхай, Монголын Оюутолгойн уурхайн алт, зэсийн дээжээс оруулан бүтээжээ. Энэ үйл явдлын талаар Оюутолгой ХХК-ийн Мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Ц.Ганзоригоос тодрууллаа.


-Монголын алт, зэсийн дээж анх удаа олимпийн аваргуудын энгэрт гялалзах гэж байна. Олимпийн наадамд зориулж хэдэн багц медаль хийсэн бэ?

-Энэ долдугаар сарын 2-нд Лондонгийн цамхагт ёслолын арга хэмжээ болсон. Тэр үеэр Рио Тинтогийн ТУЗ-ийн дарга Ян Ду Плеси Лондонгийн олимпийг зохион байгуулах хорооны дарга Себастьян Коэд нийт 4700 багц медаль гардуулж өгсөн. Рио Тинто компаниас эдгээр медалийг хийхэд найман тонн алт, зэс бэлтгэж нийлүүлсэн. Зэс, алтны ихэнхийг 100 гаруй жилийн түүхтэй АНУ-ын Юта мужийн Кеннекотын уурхайгаас нийлүүлсэн. Монголчуудын хувьд нэг бахархалтай зүйл нь Оюутолгойн эрдэнэсийн дээжээс явуулж медаль хийлгэсэн. Оюутолгойн эрдэнэсийн орцтой 4700 багц медалийг зуны олимпийн наадмын аваргууд, паралимпийн аваргууд гардаж авна.

-Оюутолгойн зэс, алтны дээжтэй энэ 4700 багц медалийн төлөө хэдэн тамирчин өрсөлдөх бол?

-Дэлхийн 205 орны 14 мянган тамирчин олимпийн наадмын 46 төрөл, паралимпийн 20 төрөлд авхаалж самбаагаа сорих юм. Тэднээс ялагч болсон тамирчдад 4700 багц медалийг Лондон хотын 31 дүүрэгт болох шагнал гардуулах 805 ёслолын үйл ажиллагаан дээр гардуулах юм билээ.

-Энэ удаагийн олимпийн медаль түүхэнд хамгийн хүнд жинтэйд орно гэдэг үнэн үү?

-Тийм. Лондонгийн 2012 оны олимп, паралимпийн медаль олимпийн түүхэнд хамгийн хүнд жинтэйд тооцогдож байгаа. Медаль тус бүрийг 375-400 грамм жинтэй, 85 мм голчтой, долоо мм-ийн зузаантай бүтэсэн.

-Медалиудад үнэт металлын орц хэр зэрэг орсон байдаг вэ?

-Алтан медаль нь 92,5 хувийн мөнгө, 1,34 хувийн зэс, 6,16 хувийн алтны орцтой. Мөнгөн медаль нь 92,5 хувийн мөнгө, 7,5 хувийн зэс, хүрэл медаль нь 97 хувийн зэс, 2,5 хувийн цайр, 0,5 хувийн цагаан тугалгын орцтой хийгдсэн. Алт, мөнгөн медалийг стандартын мөнгө буюу 92,5 хувийн цэвэр мөнгөөр хийсэн. Алтан медалийг Ройал Минт дээр хийгээд дараа нь алтаар бүрж хийсэн гэж байсан.

-Медалийг гардуулах хүртэл хаана хадгалж байгаа бол?

-Медалиудыг одоо Их Британийн Хатан хааны гэр бүлийн эрдэнэсийн хамтаар Лондонгийн цамхагт хадгалж байгаа юм билээ. Лондон цамхагт 600 гаруй жилийн туршид Британийн Хатан хааны гэр бүлийн үнэт эрдэнэсийг хадлгалж ирсэн газар юм байна.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж