Хэнтий аймгийн хэмжээнд ойрын өдрүүдэд түр зуурын усархаг бороо удаа дараа орж, Онон, Хэрлэн, Балж зэрэг томоохон голуудын усны төвшин олон жилийн дунджаас 20-70 см-ээр нэмэгдээд байна. Иймээс аймгийн Онцгой байдлын газраас Хэрлэн голын эрэг дагуу алба хаагчдыг ээлжээр өглөө 9-20 цаг хүртэл эргүүлд гарган ажиллуулж байна. Онцгой байдлын алба хаагчид энэ хугацаанд нийт 200 гаруй иргэнд санамж сэрэмжлүүлэг өгч, 12 согтуу иргэн болон хараа хяналтгүй усанд орж байсан 4-12 насны найман хүүхдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Мөн Баян-Овоо сумын төвөөс баруун тийш 27 км–т “Бригадын төвийн хөшөө” гэдэг газарт Б. Жамъянмядаг /6 настай эмэгтэй/ 6 сарын 18-ндХэрлэн голд осолдож, тус сумын ЗДТГ-ын даргаар ахлуулсан 4 хүний бүрэлдэхүүнтэй эрлийн хэсэг тухайн өдрөө цогцсыг олсон байна. ОБГ-ын эрэн хайх аврах салбарын жолооч, ахлагч Б.Ууганбаяр долдугаар сарын 15-нд Улаанбаатар хотын иргэн Я.Батбаярыг Хэрлэн голд живж байхад нь аварчээ. Мөн долдугаар сарын 18-нд Хэрлэн сумын иргэн Ч.Ганхуяг согтуугаар усанд живж ухаан алдсан байсныг усны эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан аврах гал сөнөөгч, дэд ахлагч О.Болдбаатар, аврагч-жолооч Э.Амарсайхан нар аварч эмнэлэгийн анхны тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэсэн байна.
И.Байгалмаа
/ Хэнтий /
/ Хэнтий /