Энэ хавар Хэнтий аймагт гарсан ой хээрийн болно объектын гал түймрийн улмаас орон гэргүй болсон дөрвөн өрх айлд гэр олгожээ. Нийт аймгийн хэмжээнд зургаан сумын 14 өрх гал түймрийн улмаас орон гэргүй болж, хохирсныг аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, тус бүрт нь 200 мянгаас 1,5 сая төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлж, дөрвөн өрхөд гэр олгуулахаар Засгийн газар болон Улсын комисст уламжилсан юм. Уг хүсэлтийг Засгийн газар болон Улсын онцгой комисс шийдвэрлэж, Хэнтий аймагт тус бүр нь 2,1 сая төгрөгийн өртөг бүхий таван ханатай иж бүрэн дөрвөн гэр ирүүлснийг иргэн Ц.Алтангэрэл, Г.Уранцэцэг, С.Амарбаясгалан, С.Цэцгээ нарт аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар гардуулж өглөө. Мөн байшин нь шатаж, нийт 16 сая төгрөгийн хохирол амссан Хэрлэн сумын 3-р багийн иргэн Ж.Хэрлэнчимэгт 1,5 сая төгрөг, хураалттай гэр нь шатаж хохирсон У.Баяртунгалагт 600 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгов. Дээрх иргэдийг шинээр иргэний бичиг баримттай болоход нь Хэрлэн сумын ЗДТГ-аас тусалсан бол аймгийн Улаан загалмайн хороо хөнжил гудас өгч тусалжээ. Мөн улаан загалмайн шугамаар Дадал сумын иргэн Б.Баярхүү, Ц.Ганболд нарынд гэр олгосон байна. Эдгээр иргэд мөн Засгийн газрын тогтоолд заасны дагуу Хөдөлмөр, халамж үйлчилгээний байгууллагад хандаж, туслалцаа авах боломжтой юм байна.
И.Байгалмаа /Хэнтий/