Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж манай улсад айлчилж буй Дэлхийн аялал жуулчлалын байгууллага /ДАЖБ/ -ын Ерөнхий нарийн бичгийн дарга Талиб Рифайг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Манай улс ДАЖБ-ын нэг чухал гишүүн орон. Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэх томоохон боломж бий. Монгол бол унаган байгальтай, баялаг түүхтэй, амьдралын онцлог хэв маягтай өвөрмөц орон. Түүнээс гадна аялал жуулчлал хөдөө орон нутагт ажлын байр бий болгодог чухал салбар. Монголд хийж буй ноён Ерөнхий нарийн бичгийн дарга таны айлчлал танай байгууллагын шугамаар аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжийг судлахад чухал ач холбогдолтой байх болно. Саяхан манай улсын шинэ парламент бүрдээд байгаа. Шинэ Засгийн газар уул уурхайд төдийгүй аялал жуулчлал, түүнтэй холбоотой дэд бүтцийг хөгжүүлэхэд анхаарна гэдэгт итгэж байна хэмээн Ерөнхийлөгч хэлэв.
-Аялал жуулчлал эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж, ажлын байр нэмэгдүүлж эдийн засгийн өсөлтөд ихээхэн нөлөөлдөг. Одоо жилдээ дэлхийн нэг тэрбум хүн аялан жуулчилж, 20 ажлын байр тутмын 1 нь тус салбарт ногдож байна. Эко аялал жуулчлалыг Монголд хөгжүүлэх ихээхэн боломжтой болов уу. Энэ салбарын яамыг ч бэхжүүлэхэд анхаарах хэрэгтэй санагдлаа. Би сүүлийн 14 сард дэлхийн 34 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзаж, аялал жуулчлалын салбарын дэмжигч байхыг хүсч захидал гардуулаад байгаа хэмээн ноён Талиб Рифай хэллээ. Тэрээр бас Ерөнхийлөгчид тэр захидлаа гардууллаа.
Захидалд дэлхийн эдийн засагт тус салбарын эзэлж буй байр суурь, оруулж буй хувь нэмрийн тухай тоо баримтаар өгүүлжээ. Түүнчлэн НҮБ-ын төрөлжсөн агентлаг Дэлхийн аялал жуулчлалын байгууллага болон Дэлхийн аялал жуулчлалын зөвлөл эдийн засгийн өсөлт, хөгжилд аялал жуулчлалын салбарын оруулж буй одоогийн хувь нэмрийг улам нэмэгдүүлэх кампанит ажил өрнүүлж байгааг дурдаад энэ хүрээнд “Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж таныг дэлхийн бусад орны удирдагчидтай, дээр дурдсан хоёр байгууллагатай нэгдэж, бидний хүчин чармайлтад дуу хоолойгоо нэмэрлэхийг урьж байна” гэж бичжээ.
Ерөнхийлөгч саяхан болж өнгөрсөн Рамсарын конвенцийн Талуудын 11 дүгээр бага хурлын үеэр Дэлхийн аялал жуулчлалын байгууллага, Рамсарын конвенцийн нарийн бичгийн дарга нарын газрын хооронд ус намгархаг газар, тогтвортой аялал жуулчлалын харилцан хамаарлыг нэмэгдүүлэх, энэ чиглэлээр 2 талын хамтын ажиллагааг сайжруулах талаар хийсэн яриа хэлэлцээг талархан дэмжиж байгаагаа илэрхийлээд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнд Монгол Улсыг идэвхтэй оролцуулах, дээрх конвенцийн хүрээнд ус намгархаг газарт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэхийг хүсэв.