Энэ үйл явдлыг тохиолдуулан “Оюутолгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал, “Рио Тинто” компанийн бүсийн захирал Камерон МакРей хэвлэлийн бага хурал хийлээ. Түүний мэдээлснээр Лондонгийн олимп, паралимпийн наадмын ялагчдын энгэрт гялалзах 4700 алт, мөнгө, хүрэл медалийг бүтээх үнэт металлын дийлэнхийг АНУ-ын Юта муж дахь Рио Тинтогийн Кеннекот Юта Коппер уурхайгаас, дээжийг нь Оюутолгойн уурхайгаас нийлүүлжээ.
Тинтогийн Кеннекот Юта Коппер уурхай нь 100 гаруй жилийн түүхтэй хамгийн ууган уурхай бол Оюутолгой нь орчин үеийн, ашиглалтад бэлтгэж буй, дэлхийд томд орох зэс-алтны уурхай гэдгээрээ онцлогтой. Ингэснээрээ Монголын зэс, алтны дээж Лондонгийн олимпийн аваргуудын энгэрт гялалзах гэж байгаа нь монголчуудын нэг бахархал болж байна. Америк тив, Азийн Монгол хоёрын металл нэгдэж олимпийн медаль болсон нь бүр онцлог болжээ.
Уурхайн гүнээс олборлосон алт, зэс аваргуудын энгэрт гялалзах хүртлээ бүтэн жил орчмын хугацаа туулжээ. Нэг жил орчмын өмнө Рио Тинто медальд зориулж найман тонн гаруй металлыг Күүксоны үнэт металлын группт хүлээлгэн өгсөн байна. Тус группийнхэн Английн Бирмингам хот, Испани дахь үйлдвэрүүдэд металлыг хайлуулж цутган хавтанцар бэлдэц хийх ажлыг гүйцэтгэжээ. Ингээд Күүксоны үнэт металлын группийнхэн хэвд оруулсан хайлшийг Уэлс дэх Их Британийн Хатан хааны зоосны үйлдвэрт хүргүүлж Лондонгийн олимпийг зохион байгуулах хороо, Олон улсын Олимпийн хорооноос сонгосон загвараар олимп, паралимпийн наадмуудын медалийг урлажээ.
Хэдхэн хоногийн өмнө Рио Тинто компанийн тэргүүн Лондонгийн цамхагт зохион байгуулсан ёслолын арга хэмжээний үеэр олимпийн 4700 багц медалийг гардуулан өгчээ. Рио Тинто компанийн ТУЗ-ийн дарга Ян Ду Плесси энэ үеэр “Кеннекот Юта Коппер болоод Оюутолгойгоос нийлүүлсэн металл үнэхээр төгс сайхан медаль болжээ. Энэ бол бид бүхний бахархал юм” гэсэн байна.
Рио Тинто МҮОХ-ны алтан түнш болж 2012 оны Лондонгийн олимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг дэмжин ажиллаж байгааг мөн энэ үеэр ноён Камерон МакРей дурдлаа. 2010 оны Азийн аварга, чөлөөт бөхийн тамирчин Г.Мандахнаран, Дэлхийд жиндээ долоод эрэмбэлэгдэж байгаа жүдоч П.Лхамдэгд нарыг өөрийнхөө Элч тамирчнаар өргөмжилж хамтран ажиллаж байгаа юм байна. Мөн Оюутолгой компани жүдо бөхийн шилдэг тамирчин, 2004 оны Афины олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатарыг элч тамирчин болгожээ. Бас шилдэг ажилтнуудаа Рио Тинтогийн баатрууд гэж өргөмжилснийг энэ үеэр дуулгалаа.