
Испанийн нэрт зураач Пабло Пикассогийн 1932 оны бүтээл болох “Nude, Green leaves and Bust” зураг урлагийн ертөнцөд бас нэгэн дуулиан тариад байна. Энэхүү зураг Нью-Йоркийн Christie дуудлага худалдаан дээр 106 сая ам.доллараар худалдагдаж, дуудлага худалдаан дээр хамгийн их үнэд хүрсэн урлагийн бүтээл болов. 1950-иад оноос хойш Лос Анжелосын зураг цуглуулагч Frances, Sidney Brody нарын өмч байсан энэхүү зураг одоо өөр эзэнтэй боллоо. Гэхдээ дуудлага худалдаан дээр зургийн шинэ эзэн биечлэн оролцоогүй бөгөөд түүнийг хэн гэдгийг ч нууцлаж байгаа аж. Зураг дээр Пикассо өөрийн хайрт бүсгүй, амраг Marie-Therese Walter-ыг хэвтэж буйгаар дүрсэлсэн байна. Бүсгүйн дээхнэ талд ногоон навчис, нэгэн толгойн баримлыг дүрсэлжээ. Харин зураач өөрийгөө цэнхэр өнгийн background-аар төлөөлүүлэн дүрсэлсэн аж.
Энэхүү бүтээл өнгөрсөн хоёрдугаар сард дуудлага худалдаанд 104,3 сая ам.доллараар зарагдсан Giacometti-гийн “Walking Man I”-ны рекордыг ийнхүү эвджээ. Дуудлага худалдаагаар хамгийн их үнэд хүрсэн урлагийн бүтээлийн жагсаалтын гуравдугаарт мөн Пикассогийн “Garcon a la Pipe” зураг 104,1 сая ам.долларын үнэ хүрснээрээ бичигддэг байна.
Ж.Нил