“Хариуцлагын асуудлыг намын дүрмийн дагуу ярих ёстой”

Хуучирсан мэдээ: 2012.07.23-нд нийтлэгдсэн

“Хариуцлагын асуудлыг намын дүрмийн дагуу ярих ёстой”

УИХ-ын гишүүн асан Э.Мөнх-Очир маргааш хуралдах Бага хурлын талаар байр сууриа илэрхийллээ.

-Монгол Ардын Намын  Бага хурал маргааш болох гэж байна. Таныг намын гишүүдийн нэгэн адил хурлаас бодит үр дүн хүлээж байгаа болов уу гэж бодож байна?

– Мэдээж Бага хурлаар сонгуульд ялагдсаны хариуцлагыг ярих ёстой. Энэ асуудлаа сайтар ярилцаад дараа нь харин намын Их хурлыг зарлах ёстой гэж үзэж байна. Ингэж байж намын дүрмийн дагуу хариуцлагын асуудлыг   нухацтай ярих бололцоо нээгдэнэ. Нөгөө талаар  нам нь цөөнх болоод итгэл нь алдарчихсан эгэл жирийн   гишүүдийнхээ урам зоригийг сэргээх ёстой биз дээ. Тэр сэргээлт бол ерөөсөө л Их хурал хуралдуулах шүү дээ. 

 Нөгөө талаар  намын удирдлага гэдэг бол хамтаараа эрхээ эдэлж, үүргээ хүлээж, хариуцлагаа ч бас хамт үүрэх ёстой хүмүүс гэж би ойлгож байгаа. Үнэхээр л УИХ-д олонхи байсан намыг цөөнх болгочихсон юм бол хариуцлагыг яагаад нэг, хоёрхон хүнд үүрүүлээд, тэр хүмүүст нэр хоч, ял өгөөд бусад нь цэвэр сугарч үлдэх ёстой гэж. Бүгдээрээ л адилхан байх ёстой биз дээ. Мөн  намын удирдлагын ямар ч шатанд эрүүл, цэвэр өрсөлдөөн явагдах ёстой. Энэ боломжийг хариуцлага үүрэх ёстой хүмүүс маань өөрсдөө улстөрийн соёл гаргаж бий болгож өгмөөр байна. 

Намын дүрмийн 39.1-д УИХ-ын болон орон нутгийн сонгуульд цөөнх болсон тохиолдолд намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, Удирдах зөвлөл, сонгуульд хариуцлагагүй ажилласан аймаг, нийслэлийн намын байгууллагын удирдлага Бага хуралд өргөдлөө өгөөд огцрох ёстой гэсэн заалт бий. Сая намын намын хоёр дарга Удирдах зөвлөлд өргөдлөө өгсөн нь дүрмийн бус үйлдэл болж таараад байгаа юм. Тиймээс дүрмийн энэ заалтыг хэрэгжүүлэх ёстой. Огт хэрэгждэггүй л болохоос намын XXV Их хурлын үед баталсан Хүний нөөцийг бүрдүүлэх, шилж сонгох, хариуцлага тооцох журам гэж бий. Манайхны олонхи нь  энэ журмыг   бараг мартсан байх. Яагаад гэвэл огт хэрэгжээгүй. Гэхдээ одоо хэрэгжүүлэх ёстой. Энэ журмын 7-гийн 6-д  УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшин, өрсөлдөөд сонгогдож чадаагүй тохиолдолд тухайн хүнийг төрийн өндөр албан тушаалд нэр дэвшүүлэх үүргийг нам нэг жил хүртэлх хугацаанд хүлээхгүй гэж заасан байна.

Мөн уг журмын 7-7-д УИХ-ын болон орон нутгийн сонгуульд амжилтгүй оролцсон намын байгууллага, намын удирдлага, аймаг нийслэлийн намын байгууллагын удирдлага огцрох өргөдлөө өгнө. Өргөдлийг дээд шатны намын байгууллага нь хүлээн авч, зохих шийдвэр гаргахаар заасан байна. Тийм учраас энэ дүрэм, журмаа биелүүлж ажиллахыг л хүсч байна. Хэрвээ миний энэ санал бодлыг үл ойшоовол намын мянга, мянган гишүүдийнхээ үзэл бодлыг үл ойшоосон л хэрэг болох байх. Яагаад гэвэл жирийн гишүүд дүрэм, журмаа ягштал биелүүлэхийг л хүсэн хүлээдэг шүү дээ. Тэр дүрэм, журамд чинь гишүүн нэг бүрийн үнэтэй санал бодол туссан байдаг болохоор тэр байх. Ер нь бол хариуцлагын асуудлыг аль ч шатандаа дүрэмдээ захирагдаж хэрэгжүүлэх ёстой л гэж хэлээд байгаа хэрэг.

Бас нэг хэлэх юм гэвэл өнгөрсөн дөрвөн жилд олонхи байсан УИХ-д ажилласан   гишүүдийн дунд ч хариуцлагагүй ажилласан хүмүүс бий шүү дээ. Үүнд ч бас дүгнэлт хийх хэрэгтэй. Тэгээд ирэх дөрвөн жилд ажиллах манай УИХ-ын гишүүд яаж ажиллах юм бэ гэдэг талаар намын бодлого гарах ёстой.  Яагаад гэвэл тэднийг ард түмэн сонгосон шүү дээ. Ард түмний сонголтыг хэр хүндэтгэснээс манай намын нэр хүнд хамаарна. Тийм учраас УИХ-д сонгогдсон гишүүд маань намын дуу хоолой болж ажиллах ёстой. Тэднийг дэмжиж, дуугарч чадах хүмүүсээ намын удирдлагад тавих ёстой гэж бодож байна.

  Ц.ЦЭНЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж