Гачуурт дахь зугаалга

Хуучирсан мэдээ: 2012.07.23-нд нийтлэгдсэн

Гачуурт дахь зугаалга

Хэдийгээр хур бороо ихтэй, сэрүүхэн зун болж буй ч голын эрэг хаяалсан амралт, зугаалгын газруудаар хүний хөл тасрахгүй байна. Их хотын чимээ анираас түр болов амсхийж, салхинд гарах хүсэлтэй нийслэлчүүд хотын ойролцоох амралтын газрыг зорих нь элбэг. Тэдгээрийн нэг нь Гачуурт тосгон. Хотоос төвөөс төд холгүй орших Гачуурт дахь амралтын газрууд ямархан байдалтай ажиллаж байна вэ?

Амралтын гэр 25-60 мянган төгрөгийн ханштай

Гачууртын хамгийн том амралтын газар бол “Монгол шилтгээн”. Гадна дотныхны нүдийг хужирладаг тус цогцолборын үйлчилгээ боломжийн, тэр хэрээр үнэ ханш ч хямдгүй. Эртний Хархорин хотын загвараар бүтээгдсэн эл цогцолборын гол шилтгээн нь ур хийц бүхий дан модон эдлэл, хүлэг баатруудын хөшөө гээд чимэг ихтэй. Түүнчлэн “Монгол шилтгээн”-ий голд мөнгөн мод бүхий усан оргилуур сүндэрлэнэ.

Цогцолборын гол хэрэмд байрлах гэр байшингууд үнийн хувьд хоногийн 65-120 ам.доллар. Харин цогцолборын гадаах хэрэмд байрлах гэрийн хоногийн төлбөр нь 45 мянган төгрөг бол голын эрэг дээрх зуны байшин 35, 45 мянган төгрөгийн ханштай байна. Дотоод засал, зам, гэрэлтүүлэг, зүлэг гээд өөлөх зүйлгүй уг цогцолборт зуны гурван сар, намартаа хурим найрын уухай тасрахгүй.

Харин түүний хажууханд байрлах “Шинэ Монгол” амралтын газрын гэр хоногийн 45 мянган төгрөг бол байшин 35-40 мянган төгрөгийн ханштай байв. Туул голын эрэгт модон дунд байрлах эл амралт  “Их хаадын өргөө” зоогийн газар, диско бүжгийн талбай, караоке, билльярд бүхий өрөөнүүдтэй бөгөөд гаднаа тоглоомын талбайтай чамгүй тохилог аж.

Тийшээ хүрэх замд “Цэнхэр мандал” амралт байрлана. Зуны 10 байшинтай, цөөн тооны гэр бүхий эл амралтын гэр хоногийн 35 мянган төгрөг бол байшин нь  25-35 мянган төгрөг. Зоогийн газар, задгай бүжгийн талбай, хөлбөмбөгийн талбай зассан бөгөөд голын эргээс холгүй орших аж.

Гачууртын Хар усан тохойд байрлах “Их хайрхан” амралтын газарт гэр нь хэмжээ, орны тооноос хамаарч хоногийн 30, 45, 60 мянган төгрөгийн үнэтэй бол байшин нь 45 мянган төгрөг байлаа. Гаднаа цементэлж, тор татсан спорт тоглоомын талбайтай, зоогийн газар, караоке, багачуудын тоглоомын талбайтай, Гачууртын төв замаас холгүй оршдог.

Аль ч амралтын газарт үнэ ханшаа төлж, гэр, байшин хөлсөлсөн бол шөнөдөө галлаж хонох ба нэг шуудай мод 1000 төгрөгийн үнэтэй.

20 мянган төгрөгөөр хорхог хийж үйлчилнэ

Амралтын газрууд өөрсдийн зоогийн газарт халуун хоол, хүйтэн зууш бэлтгэж зочдоо дайлна. Хүсвэл амрагчид өөрсдөө материалаа авч очоод зохих хөлсийг нь төлөөд хорхог хийлгэж болох аж. Үнийн тухайд 20 мянган төгрөг. Харин хүсвэл арай бага мөнгө төлөөд 40 литрийн бидон, зуухыг нь “түрээслээд”, хорхгоо өөрсдөө хийж идэж болно.

Гачууртын цагдаа нар зундаа ачаалалтай ажилладаг

Гачуурт тосгоны цагдаагийн хэлтэс зундаа ихээхэн ачаалалтай ажилладаг гэнэ. Амралтын газар элбэгтэй тул амрагчдын хөл тасрахгүй, ялангуяа амралтын өдрүүдэд ердийнхөөс олон дуудлага ирэх аж. Энгийн үед шөнөдөө 5-6 дуудлагатай хонодог бол амралтын өдөр 9-10 болж, нэмэгддэг гэнэ. Ингэхдээ дийлэнх нь танхай, хулгайн дуудлага байдаг аж.

Гачууртын цагдаагийн хэлтэст хоногт эргүүлийн хоёр цагдаа 24 цагаар ажиллаж, хувийнхаа унаанд шатахуун хийж, иргэдийн дуудлагад үйлчилдэг юм байна. Хоногт таван литр шатахууны нормтой бөгөөд шаардлагатай үед хүний унаа гуйгаад ч болов дуудлагын газарт хүрч очдог гэнэ. Энэ жил хур бороо ихтэй, голын ус үертэй байгаа тул иргэд голын эрэгт амрах нь харьцангуй багассан аж. Мөн НОБГ-аас иргэдэд байнга сануулга өгч, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж буй нь амрагчдыг гол үертэй байхад орж, усанд эндэхээс нь урьдчилан сэргийлж чадаж байгаа талаар тус хэлтсийн цагдаагийн алба хаагч хэлж байлаа. Түүнчлэн Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газраас Туул голын эргээр морьтой эргүүл байнга ажиллуулж байгаа нь иргэдийг осол, эндлээс урьдчилан сэргийлж байгаа аж.



Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж