Улс төр эдийн засгийг аварна

Хуучирсан мэдээ: 2012.07.23-нд нийтлэгдсэн

Улс төр эдийн засгийг аварна

Олон улсын валютын сангаас энэ долоо хоногийн эхээр гаргасан мэдэгдэлд дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд “зугуухан” урагшилж байгаа тухай дурдсан байна. Түүнчлэн Европ, Америкийн эрх баригчид энэ нь одоогийн нөхцөл байдлыг дордуулахгүй байх хэмээн найдаж байгаагаа онцолсон аж.

Дэлхийн эдийн засгийн ирээдүйг тодорхойлохдоо Олон улсын валютын сан энэ оны өсөлтийг 3.5 хувь, харин ирэх онд 3.9 хувь хэмээн таамаглажээ. Энэ нь тус байгууллагын өнгөрсөн дөрөвдүгээр сард дэвшүүлсэн таамгаас харьцангуй бага тоо гэнэ. Олон улсын валютын сангийн судалгааны хэсгийн дарга Оливер Бланшард хэлэхдээ “Дэлхийн дархлаа сул байгаа ч сэргэж эхэлсэн. Бидний дөрөвдүгээр сарын таамгаас үл ялиг бага байгаа нь үнэн” хэмээн мэдэгджээ.

Жилийн эхний улиралд чамлахааргүй үзүүлэлттэй гарсан АНУ-ын эдийн засаг энэ жил хоёр хувийн өсөлттэй, ирэх онд 2.3 хувиар өснө хэмээн Олон улсын валютын сангийн судалгаанд нийтэлжээ. Эдгээр тоо нь өнгөрсөн дөрөвдүгээр сарын мэдээллээс 0.1 хувиар буурсан индекс юм. Нэгдсэн мөнгөн тэмдэгтээ хадгалж үлдэхээр чармайж буй евро бүсийн удирдагчид болон  АНУ-ын эрх баригчид хямралын “тамд” унахгүйн тулд хүчээ шавхах болсон. “Хамгийн том эрсдэл бол евро бүсийн хямралын эсрэг арга хэмжээ авахгүй удах явдал юм” хэмээн уг судалгаанд дүгнэсэн байна. Учир нь бүсийн эдийн засаг энэ онд 0.3 хувиар ухрах хандлагатай байгаа аж. 2013 онд 0.9 хувийн өсөлт гарна хэмээн таамаглаж байсан Олон улсын валютын сан бодит өсөлтийг 0.7 хувь болсон тухай судалгаандаа онцолжээ. Түүнчлэн Европын удирдагчдын гаргасан улс төрийн шийдвэрүүд хямралаас ангижрах зөв алхамд ойртож буйн илрэл болсон хэмээн тус байгууллагын албаныхан үзсэн аж. Бүсийн эрх баригчид, засгийн газрууд болон банкуудын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах нь Европын тогтвортой байдлыг хангах эх үүсвэр болно гэжээ. Ингэснээр бүсийн санхүүгийн байгууллагуудын хөрөнгийн асуудал шийдвэрлэхэд дөхөм болж хэрэгжилт хамгийн чухал болохыг Олон улсын валютын сангаас анхааруулсаар байна.

Хямралаас бүр мөсөн ангижрахад ирээдүйгээ харсан бодлого хэрэгтэйгээс гадна банк, санхүүгийн нэгдсэн сүлжээ, систем бий болгох шаардлагатай байгааг тус мөн л сангаас мэдэгджээ. Сангийн хөрөнгийн зах зээлийн хэлтсийн дарга Хозэ Виналс хэлэхдээ “Хүчирхэг улс төрийн удирдлага дутаж байна” гэсэн байна. Тэрбээр Итали, Испани зэрэг өрөнд баригдаж өтөнд идүүлэхийн зааг дээр буй улс орнуудад бүсийн эрх баригчид яаралтай арга хэмжээ авах шаардлагатай байгааг онцолсон юм. “Евро бүсийг тогтворжуулахын тулд банк, санхүүгийн нэгдсэн систем болон төсвийг интеграцчилах хэрэгтэй” хэмээн Виналс CNN агентлагт өгсөн ярилцлагадаа дурджээ. Олон улсын валютын сангийн судалгаанаас харахад Хятадын эдийн засаг 2012 онд найман хувиар өсөж Бразил, Энэтхэгийн эдийн засгийн өсөлт ялимгүй удаашрах хандлага ажиглагдаж байгаа аж.

Б.Үүрийнтуяа

Эх сурвалж: WWW.MONGOLIANECONOMY.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж