Нийслэлийн прокурор Б.Бат-Орших гэж хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2012.07.23-нд нийтлэгдсэн

Нийслэлийн прокурор Б.Бат-Орших гэж хэн бэ?

УМБГазраас Ц.Анандбазарт холбогдуулан иргэн Чинзоригийг залилан мэхэлсэн, “НИК” ХК-ийн дэд захирлаар ажиллаж байхдаа удаа дараагийн үйлдлээр байгууллагын өмч хөрөнгө  ашигласан үйлдлүүдэд 2003 оны 05 сарын 02-нд Эрүүгийн хуулийн 263, 148 дугаар зүйлийн 263,2 148,3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн  мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан зарим үйлдэл холбогдлыг 2003.12.18-ний өдөр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, 2004.01.12-ны өдрийн Сүхбаатар дүүргийн  шүүхийн хуралдаанд улсын яллагч  яллахаас татгалзсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж байжээ. Энэ үед одоогийн Нийслэлийн прокурор Б.Бат-Орших СБД-ийн хяналтын прокуророор ажиллаж байсан байна.

Хэргийн хохирогч, Ц.Анандбазарт залилан мэхлүүлсэн Чинзориг 2010 оны 10 сард УЕПГазарт гомдол гаргасан ба прокурор танилцаад шинэ нөхцөл байдал илэрснээс хэргийг сэргээн мөрдөн байцаалтын ажиллагааг УМБГазарт шалгуулахаар шилжүүлсэн байна. Гэтэл 2010 оны 11 сарын 30-ны өдөр УЕПГазрын шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн дарга Б.Бат-Орших (Одоо Нийслэлийн прокуророор ажиллаж байгаа) хэрэг материал татах тухай тогтоолоор хэргийг татан мөрдөн байцаалтын ажиллагааг зогсоох тогтоол гарган хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Ц.Анандбазарт холбогдох дээрх хэрэгт  прокурор Б.Бат-Оршихийн төрсөн ах МБГазрын ахлах мөрдөн байцаагч Б.Батсуурь /одоо СХДүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга ажилтай/ мөрдөн байцаалтын ажиллагаанд оролцож байжээ.

2012 оны 5 дугаар сарын 24-ний өдөр АТГ-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269,2-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулах явцад Ц.Анандбазар нь Автобус-3 ТӨХК-д,  Нийслэлийн өмчит Ус Сувгийн Удирдах газарт зах зээлийн үнээс өндөр үнээр шатахуун нийлүүлэхдээ удирдах албан тушаалтан нарт хахууль өгсөн үйлдэл илэрч мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж байхад 2012 оны 06 сард  хэргийг татан авч  2012.07.02-нд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ мэтээр Нийслэлийн прокурор Б.Бат-Орших Ц.Анандбазарыг гурван удаа хэрэгтэн болохоос нь аварсан байх юм.     

Э.ЗОЛЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж