Бээжингийн үерт 37 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2012.07.23-нд нийтлэгдсэн

Бээжингийн үерт 37 хүн нас баржээ

Бээжин хотод сүүлийн 60 жил болоогүй үер болж, 37 хүн нас барж, сураггүй болсон талаар Хятадын Синьхуа мэдээллийн агентлаг мэдээлжээ. Ням гаригт 10 цаг гаруй үргэлжлэн орсон хүчтэй аадар бороо, нутгийн зарим хэсэгт дэгдсэн хар салхи ийнхүү үерийн гамшигт хүргэжээ. Хар салхины үеэр Бээжин хотын замын хөдөлгөөн хэдэн цагаар түгжирч, жолооч, зорчигчид хот даяар замын түгжрэлд гацсан байна. Бээжин хотын зарим гудамжинд үерийн усны түвшин дөрвөн метерт хүрсэн гэнэ. Үерийн усанд боогдсон хүмүүст туслахаар онцгой байдлын хэдэн мянган аврагчид ажиллаж байна. Бээжин хотын албаны хүмүүсийн мэдээлснээр үерийн гамшигт хоёр сая хүн нэрвэгдээд байгаа бөгөөд эдийн засгийн алдагдал 1.5 тэрбум ам.долларт хүрчээ. Амиа алдагсдын дийлэнх нь живж нас барсан бол зургаа нь нурангид даруулж, нэг хүн тогонд цохиулж нас баржээ. Хур тунадсын хэмжээ өнгөрсөн бямба гаригийн байдлаар Бээжинд 6.7 инч байсан бол захын дүүргүүдэд 18 инч хүрч байжээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр амиа алдагсдын 22 цогцсыг олоод байгаа юм байна. Хүчтэй аадар борооны улмаас өнгөрсөн бямба гаригт Бээжингийн олон улсын нисэх буудал 500 гаруй нислэгээ цуцалсан тул онгоцны буудалд 80,000 гаруй зорчигчид гацжээ. Хэдийгээр нисэх буудал хэвийн ажиллагаандаа эргэн орж эхэлсэн боловч зарим нислэг хойшлогдсон хэвээр байна. Бээжин хотод хүчтэй аадар бороо орох тухай хэдэн өдрийн өмнөөс цаг агаарын урьдчилсан мэдээгээр анхааруулж байсан ч хотын захиргаа яаралтай арга хэмжээ аваагүй гэж иргэд шүүмжилж байгаа гэнэ. Үерийн улмаас эрчим хүчний доголдол үүсч, хотын зарим хэсэгт цахилгаан тасарсан байна.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж