Дурлаж бас дургүйцсэн нь

Хуучирсан мэдээ: 2012.07.23-нд нийтлэгдсэн

Дурлаж бас дургүйцсэн нь

Хятад улс гаднынханд дайсагнахын зэрэгцээ эелдэг хандаж болдгийг тус улсад сүүлийн үед болж өнгөрсөн үйл явдлууд харууллаа. Хятадын эдийн засаг, улс төр, цэрэг армийн хүч зузаарах тусам тус улс чухамдаа ямар төрлийн хүчин байх вэ гэдэг сонирхолтой асуулт гарч ирж байна. Хятадын  эрх мэдэлтнүүд тайван замаар хөгжин дэвшинэ гэж ярьж байгаа хэдий ч тэд үнэхээр цус нэгт ахан дүүс шигээ элгэмсэг дотно байж чадах болов уу. Эсвэл үндсэрхэг, тулган шаардсан  бүр гадаадынхныг гадуурхсан дээрэнгүй нэгэн байх уу? Гаднынхантай харьцах тэдний харилцаа ямар байх бол?
 
Хятадууд бусдад тэнгэр газар шиг өөрөөр хандах болсон нь сүүлийн үед ихээхэн ажиглагдах болсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэр дундаа цахим ертөнцөд гаднынханд дайсагнасан хятад иргэн олон байгаа бол үүний хажуугаар  элгэмсэг дотно хандсан нь ч цөөнгүй байгааг харж болохоор байна. Дайсагнасан хандлагыг хэд хэдэн үйл явдал өдөөсөн гэж хэлж болно. Тухайлбал, Америкийн талаас Хятадын иргэн Чень Гуанченыг хамгаалалтдаа авахыг хүлээн зөвшөөрсөнд тэд “Бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцлоо” хэмээн шүүмжлэлттэй хандсан бол Филиппин болон Хятад улсын хооронд Хятадын Өмнөд тэнгисийн эрэгт байрлах арлыг өмчлөх тухай маргаан цахим ертөнцөд хорсол зэвүүцэл бүхий тоймгүй олон сэтгэгдэл дагуулсан юм.

Тэднийг уурлуулсан бичлэгүүд
 
Хятадуудын уур бухимдлыг юу юунаас илүү өдөөсөн хэд, хэдэн бичлэг саяхан интернэтэд тавигдсан билээ. Эхний бичлэг нь Үoutube сайтын хятад хувилбар болох Youku дээр анх гарсан юм. Тус бичлэгт Бээжин хотын хөл хөдөлгөөн ихтэй гудамжинд нэгэн гадаад эр хятад эмэгтэйг хүчирхийлэхийг завдаж буй дүрс бичлэг гардаг. Дээрх бичлэг нь сэтгэл сэрдхийлгэм эвгүй ч ихээхэн засаж, янзалсан бөгөөд зарим нэг хэсгийг танасан болох нь илэрхий харагдаж байв. Түүнчлэн бичлэгийн төгсгөл хэсэгт танихгүй хүмүүсийн оролцоо харагдана. Мөнөөх гадаад эрийг үл таних хятад хүн уурандаа олон дахин хүчтэй өшиглөх бөгөөд  өөр нэг эр хамгаалж зогсоно. Эцэст нь гадаад эр гудамжинд  ухаангүй шахам үлдэх бөгөөд цагдаагийн машин дэргэд нь зогсож байгаа үзэгдэнэ. Энэ бичлэгээс хойш Бээжингийн газар доогуур байрлалтай галт тэрэгний буудал дээр хятад эмэгтэйг хүчирхийлэхийг оролдсон өнөөх гадаад эрийн зурагнууд хятадын жижиг блогуудаар тарсан билээ. Бээжингийн цагдаагийн газраас дээрх хүнийг Их Британи улсын иргэн бөгөөд баривчлагдсан гэдгийг албан ёсоор мэдээлсэн юм.
 
Энд онцолж байгаа хоёр дахь бичлэгт Шэньянаас Бээжин хүрэх галт тэргэнд сууж яваа орос иргэний ёс бус үйлдлийг харуулна. Орос эр эсрэг талын суудал дээрээ хөлөө тавьсанд нэгэн хятад эмэгтэй дургүйцэн хөлөө буулгахыг шаардана. Өнөөх эр уг эмэгтэйг зүй бусаар доромжлон харааж байгаа нь бичлэгт гардаг. Хятадын интернэт хэрэглэгчид түүнийг Бээжингийн Симфони Оркесторт морин хийл тоглодог хөгжимчин Олег Ведерников болохыг тогтоожээ. Олег өөрийн Оркесторын цахим хуудсаар дамжуулан албан ёсоор хүлцэл өчсөн ч удалгүй ажлаасаа халагджээ. Үүний дараа тавдугаар сарын 14-нд цагдаагийн газраас Бээжин хотод хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа гадаад иргэдийг “цэвэрлэх” 100 өдрийн компанит ажил өрнүүлсэн юм. Цагдаагийнхан иргэдээс сэжиг бүхий гадаадын иргэд амьдарч байгаа талаарх мэлээлэл өгөхийг хүссэн байна.
 
Энэ үед Хятадын үндэсний телевизийн хамгийн нэр хүндтэй хөтлөгч нарын нэг Ян Рү асуудлыг намжаахаар оролцож эхэлсэн байна. Тэрбээр CCTV9 сувгаар англи хэл дээр “Харилцан яриа” нэртэй шоу нэвтрүүлгийг хөтлөн явуулдаг юм. Тус шоуны онцлог нь гадаадын зочдыг оролцуулж, тэдэнтэй сонирхолтой яриа өрнүүлэх явдал. Уг шоуны үндсэн зорилго нь BBC,CNN зэрэг томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг зогсож Хятадын “Зөөлөн хүч” хэмээх нүүр царайг тодотгох зорилготой юм.
 
"Гадаадын хог шаар"
 
Ноён Янг хятадын твиттертэй төстэй цахим хуудаст цагдаагийн байгууллагаас явуулж байгаа арга хэмжээг дэмжиж байгаагаа илэрхийлэн “Америк, Европт ажил олж чадахгүй байгаа хүмүүс хятадад ирж бидний мөнгийг булааж байна. Тиймээс гадаадын хог, шаарнуудыг цэвэрлээд өг” хэмээн сэтгэгдэлээ хуваалцжээ. Мөн тэрбээр хятад найз бүсгүйтэй гадаадынхан руу ийн дайрч доромжилсон байх юм; “Гадаадын тагнуулууд энд ирэхээрээ өөрсдийгөө жуулчид хэмээн нэрийдэж, хятад хүүхнүүдийг урхидан, хамт амьдарч улмаар мэдээ мэдээлэл болон GPS баримт цуглуулдаг” гэжээ. Түүнчлэн ноён Янг өнгөрсөн сард Ал Жазира телевизийн сэтгүүлч Мелисса Чан гэх англи эмэгтэйг хүчээр шахан гаргасан явдлыг сайшааж “Гадаадын өлөгчинг саяхан гаргаж хаялаа. Бид цаашид ч хятадыг доош нь хийсэн энэ мэт гаднынхны амыг хааж, хөөн гаргах хэрэгтэй” хэмээн бичсэн нь олны анхаарлыг ихээхэн татсан аж.
 
Түүний үзэл бодол олон нийтийн дэмжлэгийг хүлээж, Хятадын  “China Youth Daily” сонинд “Хятадад гадаадынхан тусгай үйлчилгээ авсаар эрхэлж гүйцэж” хэмээх гарчигтай нийтлэл гарсан байна.
 
Харин “Global Times” сонин ноён Янгийн үлдээсэн сэтгэгдлийг “Тэр зүгээр л өөрийн үзэл бодол, мэдрэмжээ л илэрхийлсэн төдий. Энэ нь түүний ажил төрөлтэй ямар ч хамааралгүй. Янг бол зүгээр л нэг хэт мэдрэмтгий хүн. Тиймээс ажлаас нь халаад байх шаардлагагүй” хэмээн дүгнэжээ. Мөн тус сонинд “Хууль бус цагаач иргэдийг баривчлах нь гаднынханыг хавчин гадуурхах асуудалтай огт хамаарахгүй. Хятадын ард түмэн тэдэнд нөхөрсөг ханддаг” гэж бичсэн байх юм.
 
"Франц шарсан төмсний залуу"

 
Хятадад гаднынханд хандах өөр бас нэг хандлага бий. Үүнийг бас л саяхан болсон хэд хэдэн үйл явдал гэрчилнэ. Энэ сарын эхээр Нанжинд гуйлга гуйж байсан ахимаг насны эмэгтэйтэй америк оюутан санаандгүй байдлаар зургаа татуулсан нь интернэтээр тарж, ихээхэн шуугиан тарьсан юм. Тус эмэгтэйд түргэн хоолны газраас хоол авч өгсөн Америк оюутан интернэт хэрэглэгчдийн дунд “Франц шарсан төмсний  залуу” нэрээрээ олонд танигджээ.

Дахин нэг жишээ дурьдвал нэгэн эмэгтэйг дээрэмдэхийг завдсан бүлэг этгээдээс аварч, туслахыг хичээсэн бразил эрэгтэйг магтан сайшаасан үйл явдал юм. Тус эмэгтэйг дээрэмдэхийг оролдсон дээрэмчид нөгөө залууг хүнд зодож гэмтээжээ. Үүнийг харсан хүмүүс ямар ч тусламж үзүүлэлгүй өнгөрөн одож байсан юм. Энэхүү үйл явдал гаднынхан өгөөмөр, сайхан сэтгэлтэй хүмүүс байгааг нийтэд таниулж, энэ тухай мянга мянган сэтгэгдэл цахим хуудсуудад тавигдсан юм. Бразил залуугийн баатарлаг үйлсийг магтахийн сацуу “Орчин үеийн Хятад Улс хүний мөсгүй цэвдэг сэтгэлтнүүдээр дүүрч байгааг шүүмжлээд Хятадууд тэднээс суралцах хэрэгтэй” хэмээжээ.
 
Өнөөдөр Хятад Улсад өөр хоорондоо зөрчилдсөн “Дайсагнал ба Бишрэл” гэсэн гаднынханд чиглэсэн хоёр төрлийн хандлага зэрэгцэн оршиж байна. Дээрх үйл явдлууд үндсэрхэг үзлийг дэвэргэж, хэвлэл мэдээлэл, цахим мэдээллийн ертөнцөөр тарж олон улсын хэмжээнд шуугиан дэгдээж байгааг харуулсан билээ.
 

Б.Энхцэцэг

Эх сурвалж: WWW.MONGOLIANECONOMY.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж