”Би юу бариад авчихав гэж бодох үе байлаа”

Хуучирсан мэдээ: 2012.07.23-нд нийтлэгдсэн

”Би юу бариад авчихав гэж бодох үе байлаа”

Шог зохиолч А.Амарсайхан сүүлийн үед телевизийн богино хэмжээний олон ангит киноны зохиолд гаршаад байгаа. Үзэгчдийн хүртээл болж, нэг хэсэгтээ л монголчуудыг байлдан дагуулсан “Хэцүү анги”, “Тусгай салаа”, “Амьдрал чиний  төлөө” зэрэг МҮОНТ-ээр гарсан цувралуудын зохиолыг бичсэн тэрбээр ирэх намар үзэгчиддээ дахин нэг уран бүтээлээрээ бэлэг барихаар шийдсэн байна. Тэрхүү бүтээлийн нэр нь “Огцом эргэлт”. Ингээд тус киноны зохиолч  А.Амарсайхантай уулзан шинэ цувралынх нь талаар ярилцлаа.

-Энэ зуныг та нэлээд үр бүтээлтэй өнгөрүүлж байгаа гэсэн. Дахиад нэг цуврал шинэ киноны зохиолыг бичиж байгаа гэж сонслоо. Сүүлийн үед та телевизийн богино хэмжээний олон ангит киноны зохиолд нэлээд гаршиж байна шүү. Шинэ уран бүтээлээ туурвих санаа хэрхэн төрөв, ингэхэд?

-Мянганы сорилтын сангаас кино зохиолын төсөл зарлан сонгон шалгаруулт явуулсан. Уг сонгон шалгаруулалт өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон. Бараг л бүтэн жилийн ажил гэх үү дээ. Энэ кино зохиолыг бичихэд хамгийн хэцүү зүйл зүрх судасны өвчин, осол гэмтэл, чихрийн шижин гээд халдварт бус таван өөр өвчнийг нэг кино зохиол руу оруулж ирэх асуудал байсан. Кино зохиолын сонгон шалгаруулатад шалгарч, зохиол бичих эрхээ авчихаад эхнээсээ болох байх гэж бодоод гол шугамыг нь гаргах гээд суухаар ерөөсөө л нэг биш болоод байдаг. Яахав нэг, хоёр өвчнийг харуулсан  киноны зохиолыг бичих амархан байх. Харин нэг зохиол руу тавын таван өвчний талаар өгүүлнө гэдэг хэцүү, ажиллагаатай юм байна лээ. Маш их толгойгоо өвтгөсөн. Бүр би юу бариад авчихав гэж бодох ч үе байлаа. Тэгээд нухсаар байгаад зохиолын нэг шугам барьж аван үйл явдал гаргаад хийсэн.

-Яагаад “Огцом эргэлт” гэж нэрлэсэн юм бэ?

-Кино зохиолд маань осол, гэмтэлийн талаар өгүүлж буй хэсэг олонтой. Тиймдээ ч киноны үйл явдал огцом эргэлт дээр болж байгаа ослоор эхэлж байгаа болохоор “Огцом эргэлт” гэж нэр өгөөд явчихсан. Гэхдээ бас зам дээр ч биш амьдрал дээр ч гэсэн хүн хурдаа тохируулж явахгүй бол амьдралд бас л ийм огцом эргэлт орж ирдэг шүү дээ. Хүмүүс чинь аливаа өвчнийг тоохгүй яваар байгаад нэг л мэдэхэд бие хаа нь муудан чихрийн шижинтэй болчихсон байдаг ч юм уу. Эрүүл мэндээ бодохгүй архи, тамхины хэрэглээ ч юм уу эсвэл ажлын ачааллаа тоохгүй явсаар нэг л мэдэхэд эрүүл мэндээрээ хохирон эмчилэхэд ч хүртэл оройтчихдог тохиолдол цөөнгүй. Тэрийг л хүмүүс ураарч, сэхээрэн урьдчилан сэргийлээсэй гэсэн зорилгоор хийгдсэн кино юм л даа. Умайн хүзүүн хорт хавдар талаар энэ зохиолдоо тусгасан. Хорт хавдарын тухай Солонгос сериалаас өөрөөр гаргахын тулд тэр бүхнийг эвтэйхнээр зохицуулахын тулд их л бодож хийсэн кино байгаа юм. Киноны нэрний санааг зөвлөхүүдтэйгээ ярьж байхад л орж ирсэн л дээ.

-Кино ямар хугацаанд бичиж дуусгав? Хэдийгээр 30 ангит зохиол ч гэсэн таны өмнө нь бичиж байсан зохиолуудаас ажиллагаа ихтэй байв уу?

-Их ажил орж байж кино зохиолоо бичсэн. Хэдийгээр 40 минутын 30 ангит кино зохиол хийж байгаа ч гэсэн 300 анги бичиж байгаа юм шиг бараг өвөлжин сууж бичсэн зохиол. Өнгөрсөн оны арван хоёдугаар сард бичиж эхлээд бараг дөрвөн сард бичиж дуусгасан. Олон өвчнүүд зохиолд маань орж байгаа учраас олон зөвлөхүүдтэй байсан. Маш олон хүмүүстэй судалгаа хийж, уулзаж явсан болохоор цаг хугацаа их шаардсан.

-Үзэгчдэд энэ киногоороо дамжуулах өгөх гол мэссэж?

-Гол нь энэ киноны зорилго нь хүмүүст эрүүл амьдрах тэр хэвшлийг мэссэж болгон хүргэх. Гэхдээ тэгэх гэж байна гээд гарын авлага шиг юм хийчихвэл уран сайхны кино биш болооод явчихна шүү дээ. Хүмүүст киног чинь догдолж хүлээж үздэг шүү дээ. Тэгж бүүр сонирхол татхаар уран сайхны киноны тийм гоё үйл явдалтайгаар бичихийн төлөө үзсэн. Амьдрал дээр болж байсан тохиолдлуудыг их яриулж байгаад энэнээс энийг авья гэсээр тэр олон өвчинг нэгэн зэрэг биш зарим нэгийг нь аль болох дам байдлаар орохоор хийсэн. Яг бүгдийг нь нэг зохиол руу чихчих гэхээр болохгүй байгаа юм чинь. Эвийг нь олоод оруулсан. Хүмүүс үзэхдээ сэтгэл нь зовж, уярч, догдолж, үзээсэй л гэж бодож бичсэн. Гэхдээ жирийн уран сайхны кино үзээд уяраад догдлоод байна гэсэн чинь цаад талдаа тэр амьдралд хэрэгтэй мэссэжүүдийг авчихаар л бодож хийсэн. “Тусгай салаа” гэхэд чинь Батлан хамгаалах яамны захиалгат уран бүтээл байсан ч хэзээ ч арми, зэвсэгт хүчин сайн гэж нэг ч дүрээр хэлүүлээгүй. Жирийн амьдралаар гаргаад залууст эх оронч гэсэн үзлийг дээшлүүлчихэж болсон. Үүн дээр ч гэсэн энгийн амьдрал юм шиг хэрнээ цаад талдаа хүн амьдралдаа бас нэг тормоз гишгэхгүй бол болохгүй болж байгаа юм байна шүү. Сахараа нэг хэмжүүлэхгүй бол болохгүй юм байна. Би ийм зүйлд орчих ч юм бил үү. Хөдөө гадаа явж жолоо бариад явж байхдаа хамаагүй яадгийн гээд зуу татах чинь болохгүй юм байна. Хэдийгээр суудлын бүсийг хүмүүс тэр бүр анзаардаггүй ч гэсэн бас л хэцүү л юм байна лээ. Судалгаа хийгээд явж байхад суудлын даруулга хийгээгүйсээ болоод машинаасаа гарч шидэгдээд нуруу нугас нь хүнд гэмтэл авчихдаг. Гэтэл хэрвээ суудлын даруулгаа хийсэн бол хөнгөн гэмтэл авахаар байх жишээтэй.

-Зохиолоо бичиж байх явцад хийсэн судалгаа таны амьдралд тэр тусмаа эрүүл мэндээ анхаарах тал дээр хэрхэн нөлөөлсөн бэ?

-Нэг сонин зүйл нь  кино зохиолоо бичиж байх явцад нөгөө таван өвчинг би өөрөөр тусчих гээд байгаа юм шиг болоод яагаад юм бэ эмнэлэгт очиж үзүүллээ. Тэгтэл чихрийн шижин хамгийн дээд үзүүлэлт дээрээ тав аравны хэдэн хувьтай байдаг билээ дээ. За чи анхаарахгүй бол болохгүй юм байна шүү гээд эмч хэлэхээр нөгөө их сахартай байхуу уух дуртай хүн чинь сахарын хэрэглээгээ багасгаад. Кино зохиол бичиж байх явцдаа найз Т.Бум-Эрдэнэ гээд зохиолч залуугийнхаа гэр бүлтэй хагас сайн бүр Богд уулын орой руу алхдаг бүлэгт нь хүртэл элсээд Богд уул руу хагас сайн бүрт алхдаг болоод өөрөө хүмүүжээд дуусдаг юм байна лээ.

-Эрүүл мэндийн сэдвээр хүмүүст эерэг мэссэж өгөхөөр бичигдэж байсан болохоор өвчтөн, тэдний ар гэр, эмч нартай илүү ойрхон ажилласан болов уу? Киноны гол дүрүүдээ аяж босгосон бэ?

-Эмч гэдэг хүнийг сайн гэгээлэг талаас нь харуулахын төлөө, одоо тэр өрхийн эмнэлгийн эмчийг харуулахын тулд хүний төлөө гэсэн нэг өрхийн эмч бүсгүйн дүрийг оруулж ирэх жишээтэй. Гэмтлийн эмнэлэг гэхэд л маш их мэдлэг боловсролтой тэргүүлэх зэргийн эмч Хүдэр гээд залуугийн дүр орж ирж байгаа. Өвчин гээд кино хийж байгаа гэхээр дандаа л өвчний тухай гараад банйа гэж ойлгож болохгүй. Амьдрал дээр болж байгаа л үйл явдалууд багтсан. Нэг гэр бүлийн амьдралд хүү нь нэг л удаа найз нартайгаа дарвиад замд гаргаж өгч байна гээд хоёр, гурван хундага архи уулгаснаас болоод л осол хийгээд тэр ослоос болоод тэр залуугйин гэр бүл мэс заслын төлбөр мөнгө гээд өчнөн санхүүгийн бэрхшээлд ордог. Нөгөө нэг осолд орчихсон хохирогч гэхэд компанийх нь ажил зогсоод асар хүнд байдалд орж, авгай нь галзуурчих гээд л “чи ийм байдалд орчихоод тэр залуугаасаа мөнгө авахгүй байхдаа яадаг юм бэ? Эмчилгээнийхээ төлбөрйиг төлүүлэхгүй яагаад байгаа юм бэ” гээд галзуу солиотой болчихсон юм шиг л дайрна. Тэр осол гэмтлийг чинь дагаад ядуурал гэдэг зүйл эхэлж байгаа. Тэгэхээр суудлын даруулга, хурдаа л тохируулах хэрэгтэй гэдгийг киногоороо үзэгчдэд илүү хүргэхийг зорьж байгаа. Хүмүүс болохоор “болж л байдаг шүү дээ” гээд байдаг. Хотоос гадагши хамаагүй хурд хэтрүүлж давхидаг. Гэтэл жижигхэн юм шиг ийм л зүйлсээс болоод амьдралд чинь нөхөж барашгүй түм зүйл гарч болох юм шүү гэдэг зүйл гарч ирж байгаа. Зохиол бичиж байхдаа ч гэсэн ийм хүн байгаасай гэж бодож байсан маань эргээд МҮОНТ-тэй хамтрахад ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа Б.Гантулга дүр сонголт дээрээ илүүтэй анхаарч ажиллан зохиолч руугаа байнга ярин хамт байж, нэлээн бодон дүрүүдээ сонгосон. Өрхийн эмчийн дүрд гэхэд л нэвтрүүлэгч Б.Гантигмаа тоглож байгаа. УДЭТ-ын жүжигчин Б.Болормаа өмгөлөгчийн дүрт толгож байгаа бол нэг эмчийн дүрийг Г.Золбоот бүтээж байна. Их зантай хирнээ дотроо болохоор гайгүй хүн байгаад байдаг ч түүнйигээ чанддаа нуучихсан нэг товарищ болох хадам аав гарч ирнэ. Хуучин сайд хийж явсан мундаг энэ хөгшний дүрд Ардын жүжигчин Мягмарнаран ах тоглож байгаа. Мань эр өөрө ч гэсэн хэлж байсан. “Би эхлээд олон ангит кино гэхээр нь за яадаг ч юм билээ гэж бодож байсан ч зохиолыг нь уншаад үзсэн чинь нэлээн зүтгэлтэй, жүжигчнээс ух чадвар шаардах дүр болохоор нь ах нь авчихлаа шүү гээд хэлж байсан. Осолд орсон хүүгийн ээжийн дүрд СУИС-ын багш, жүжигчин Ганхүү нар тоглож байна. Залуучуудыг киногоор од болгон гаргаж ирдэг шүү дээ. /инээв/ Залуу одууд мэдээж төрнө.

-Өмнөх олон ангит кинонд дүр бүтээж байсан жүжигчдээс энэ кинонд тань тоглож байгаа юу?

-Хуучин жүжигчдээсээ кинондоо авдаг юм аа. “Тусгай салаа” киноны Хурцийн дүрийг бүтээсэн жүжигчин энэ кинонд компанийн захирал буюу хохирогчдын дүрд тоглосон байж байгаа. Яахав, сайхан нуруутай бол нуруутай, сайн ажилтай залуу зүгээр л явж байгаад осолд ороод насан туршдаа суугаа болж байгаа хэцүү дүрийг тэр бүтээж байгаа. Хүмүүс үзэхэд сайхан нуруутай залуу ийм болчих гэж харамсал төрөхөөр бодож найруулагч түүнийг сонгож авсан.

-Зураг авалт эхлээд 50 хувьтай явж байгаа гэсэн шүү дээ. Та зураг авалтын талбарт хэр очиж байна? Голчлон хаана зураг авалтаа хийж байна даа?

-Би өөрөө Сансарт амьдардаг хүн чинь зохиол дээрээ Сансарыг л их бичдэг юм байна. Манай найруулагч хүртэл 15 дугаар хороололд амьдардаг байж таарсан. Тэгээд тэр хавь, 33 дугаар сургууль, Сансарын тэр хавиар зураг авалт их хийгдэж байгаа. Мөн хөдөө зурагт авалтууд хийнэ. Киноны гол дүрүүдийн нэг өмгөөлөгч эмэгтэйн боксчин хүүгийн дүр байгаа. Ээж нь боксын тал дээр буруу ойлголт аван “Мухамед Али гэдэг боксчин чинь тархи толгой нь гэмтээд хүнд бэртэл авсан байсан. Чи тэгнэ” гээд хүүхдээ хорьдгоос нь болоод хүү нь сэтгэл санаагаар унаад ээждээ гомдсондоо архи дарс руу хальт гишгэх гээд байгаа залуугийн дүр гардаг. Тэрийг гэхэл д Боксын холбооныхон маш гоё хүлээж аваад боксоор ерөөсөө кино хийдэггүй. Дандаа л бөх ороод байдаг. Тэгсэн чинь энэ кино чинь бокс орчихож гээд уриалгахан хүлээж авсан. Кино зохиол дээр боксын хотын аварга шалгаруулах тэмцээний хэсэгт байгаа. Үүнд, тамирчдаа цуглуулан анхаарал тавьж, баяртай хүлээн авч зураг авалтыг нь хийлгэж байгаа. Харин зураг авалттын үеэр наадам болоод тэр бүр очиж амжсангүй ээ. Зураг авалт амжилттай сайн явж байна лээ. Би зарим нэг хар монтаж дээр нь очиж үзсэн. Дажгүй дүрүүд маань хөөрхөн болоод явчихсан байсан. Энэ киноны онцлог нь сургуулийн 12, 13 орчим насны долоо наймдугаар ангийн хүүхдүүдийн дүр орж ирж байгаа. Киноны ерөнхий өвчин орсон тэр хар бараан шугамыг гэгээлэгээр тэнцүүлэх гэж хүүхдүүдийн дүр орж ирсэн. Том яриатай, жаахан хэрнээ 12 настайдаа өтөлчихсөн хүүхдүүд байдаг шүү дээ. Зуныхааи амралтаар өвөө, эмээ дээрээ байсаар яриа нь өвөө болчихсон хүүгийн дүрд Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуайн зээ тоглож байгаа. Бас Хулан гээд охины дүр байгаа. Орчин үеийн айлуудад байдаг нийтлэг зүйл бол хоёр юм уу нэг хүүхэдтэй, тэднийгээ хэт эрхлүүлээд амттан, янз бүрийн зүйл өгсөөр байгаад таргалуулчихдаг. Гэтэл тэр охиныг ангийхан нь бүдүүка Мишээл гэж шоолоод сэтгэл санааг нь унагаагаад, найз нь түүнээсээ болоод гутраад намайг бүдүүн Мишээлтэй үерхдэг гэж дооглоод байх юм гээд тиймэрхүү байдлаар хийсэн.

-Олон ангит зохиол бичих амаргүй биз?

-Надад нэг зарчим байдаг юм. Агуу их мундаг юм, сэтгэж, хийх гэж зохиол бичдэггүй. Энгийн хар бор амьдрал дунд байж байгаа тэр сэтгэл хөдөлгөм агшинг л олж харж дүрүүд рүүгээ шингээж хийхийг боддог. Дүрүүдээ онцлог, ялгаатай байлгах гэж үздэг. Тэр зарчмаа бариад л энэ зохиол дээр үзсэн дээ. Энэ кино маань нийт 20-иод дүртэй. Голлох дүр гэхээр тав, зургаан хүн байж киноны үйл явдал хүн уйдаачхааргүй болж явдаг юм.

Киноны уран бүтээлийн багийнхан маань эвсэг сайхан хамтт олон. Найруулагч маань хүртэл киноны зохиол дажгүй гоё болсон байна гээд баяртай хүлээж авсан. Би ч гэсэн гоё хийнэ ээ гээд л. Жишээ нь киноны зохиолд байгаа осол, аваарын хэсгийг продюсерын албанаас зардал багатай комьпютераар хийе гэхэд найруулагч заавал унасан машин олоод орлон тоглогч тоглуулж байгаад бодит байдлаар хийнэ гээд л. Би өмнө нь уулзаж байхдаа киноны нэрнээс их зүйл шалтгаалдаг гэж хэлж байсан шүү дээ. “Хэцүү анги” гээд хийсэн чинь бүх юм нь хэцүү. /инээв/ Санхүү нь ч зогсчих гээд. “Тусгай салаа” гээд нэр өгсөн чинь бүх юм нь тусгай хангамжаар явчихсан. Гэсэн сая “Огцом эргэлт” гээд нэр өгсөн чинь огцом огцом юмнууд нь бүтээд л. Огцом эргээд л залуу уран бүтээлчид огцом ажиллаад л, мундаг зураг авалт, сайн хийгдээд явж байгаа.

-Та өмнө нь хийсэн “Хэцүү анги” олон ангит киногоо роман болгон хэвлүүлж байсан шүү дээ. Түүн шиг ээ олон ангит бүтээлүүдээ цувралаар ч юм уу хэвлэж гаргах уу?

-Залуус, оюутнуудтай энд тэндээс уриад уулзалт хийж байхад тэднээс надад яг кино зохиол байдлаар нь хэвлээд гаргаач ээ. Тэр чинь дараа дараагийн залуу зохиолчид, оюутнуудад хэрэгтэй байх юм гэж хэлж байсан. Би бодоод л байгаа л даа. “Тусгай салаа”-г яг кино зохиол байдлаар нь яг зураг авалтын тэр гоё агшинуудын зургийг оруулаад ард талд нь өөрийнхөө бичсэн телевизийн хэдэн зохиомжуудыг хавсаргаад, телевизийн бүтээлүүдээрээ ном гаргачихдаг юм бил үү гэж бодож байгаа.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж