Сирийн армийн дээд удирдлага өртсөн Дамаскийн террор нь харилцан бие биеэ устгах иргэний дайны өргөжилтийн ганц бодит үйлдэл нь болон харагдав. Одоо энэ дайны төгсгөл нь хүчний харьцаанаас хамаарахаар болж байна. Түүний гадаад оролцогсод нь сөрөг хүчинд ашигтай байлгах бүхнийг хийнэ. Яриа хэлцэл гэж ярих нь инээдэмтэй боллоо. Нэг үгээр олон улсын дипломат ажиллагаа дуусч байна.
Болгарын Бургас хотод хийгдсэн аллагаар зургаан израиль жуулчин үрэгдэн, гуч гаруй хүн шархадсан нь Иерусалимыг шууд хатгаад авав. Израилийн ерөнхий сайд Биньямин Нетеньягу ба Батлан хамгаалахын сайд Эхуд Барак хоёр энэ гэмт хэрэгт Иран ба түүний гар хөл болсон “Хезболлах” хөдөлгөөнийг шууд буруутган Тегеран энэ гэмт хэрэгтээ хатуу нэхэл авна гэдгийг сануулав. Энэ аллага нь арван найман жилийн өмнө Буэнос-Айрес хотноо еврейн төвийг дэлбэлсэн ойтой давхцсан юм.
Хэдийгээр Сирийн сөргөлдөөн дотоодын зөрчлийн ул мөртэй ч түүний бүс нутгийн нөлөөний цар хүрээ нь ойлгомжтой. Персийн булангийн суннитийн вант улсууд юу түрүүнд Саудын Араб Сирийн засаглалыг өөрчлөх нь шиитийн Ираны нөлөөг хязгаарлах хүчин зүйл гэж үзэж байгаа.
Ираны хүчирхэгжсэний оргил нь шинэ зууны эхний арван жилийн төгсгөлөөр ирсэн ба Саддам Хусейны дэглэмийг унагаснаас Тегеран хамгийн том хожил авсан юм. Ардчилсан гэх Иракт шиитийн олонх ноёрхож чадлаа. “Арабын хавар” хувьсгалууд Ираныг дахин буланд шахах сайн шалтаг нь болов. Тегеран эхлээд Тунис, Египет цаашлаад Ливийн дарангуйлагчдыг унагасанд нь баяр хүргэж байсан бол Сирийн хэрэг явдлаар чимээгүй болсон билээ. Башар Ассадыг хамгийн сүүлд орхих орон нь Иран болох нь тодорхой ч тус орны удирдагчид Сирийн хэрэг явдлын талаар бараг үг дуугарахгүй байгаа. Суннитийн Сирийг захирдаг алавитийн дэглэм нь дөчин жил гаруй араб ертөнц дэх Ираны гол түшиг тулгуур болж ирэв. Ираны хамгийн хүчирхэг гар хөл болсон Ливаны “Хезболлах” хөдөлгөөнтэйгөө Тегеран нь алавитаар дамжуулан харьцдаг.
Энэ бүх хувиарлалтад Израиль хамгийн ээдрээтэй байдалд байна. Ассадын дэглэм нь еврейн орны хамгийн заналт дайсан ч эсрэг зогсох бичигдээгүй журамд хамаарагдсан ойлгомтой дайсан нь юм. Сирийн дэглэм солигдвол ямар ч талаараа Израилийн хувьд том эрсдэл авчирна. Хамгийн муу хувилбар нь Сирид тогтвортой засаглал тогтолгүй, эцэс төгсгөлгүй отог, омог, шашин хоорондын дайны талбар болж магадгүй юм. Сирийн нийслэлд шахидын “шилдэг” уламжлалаар хийгдсэн энэ аллага нь иргэний засаглалыг барих эрмэлзэлтэй бүхий л дургүйцэлтэй ард олныг нэгтгэж байгаа Сирийн үндэсний зөвлөл гарч буй хэрэг явдалд төдийлөн нөлөөлж чадахгүйг харуулж буй.
Израилийн хувьд Сирийн дэглэм солигдох нь нэг тохиолдолд л учир утгатай. Тэр нь Ираны эсрэг явуулах ажиллагааны урьдатгал болж чадвал. Ираны цөмийн хөтөлбөр нь еврейн улсын оршин тогтнохын гол аюул гэж Израиль хүлээн авч байгаа.
Олон улсын дипломатын Ирантай хийж байгаа байр суурийн төлөөх төгсгөлгүй тэмцлийн элдэв эргэлт нь Израильд юу ч авчрахгүй байгаа билээ. Ярилцан тохирохоор удах тутам Ираныг цөмийн бөмбөгтэй болгох эрсдлийг ихэсгэнэ. Ер нь энэ асуудлыг эрт орой хүчээр шийдэх болно гэдэгтээ Израилийн стратегичид итгэл төгс байгаа юм. Ямар нэгэн эгшинд эсрэг арга хэмжээ авах хэрэгтэй л болж таарна.
Энэ жилийн ихээр олон шинжээчид 2012 оны зун л цөмийн асуудлыг шийдэх тэр цаг ирнэ гэж байлаа. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ерөнхийлөгч нь “хорлонт дэглэмүүдтэй” тэмцэж, холбоотондоо үнэнч гэдгээ харуулахгүй байж чадахгүй үе л үүнд хамгийн тохиромжтой гэж байлаа. Израиль Иранд довтоллоо гэхэд АНУ түүнийг дэмжихээс өөр замгүй болно.
Өнгөрсөн жилийн сүүлч, энэ оны эхээр тэд нэгэн ёсондоо “их бууны галын бэлтгэлээ эхэлсэн” гэж болно. Дэлхийн хэвлэл мэдээллээр Ираны тухай өргөнөөр гаргаж ирэв. Тэр нь Вашингтон дахь Саудын Элчин сайдыг хөнөөх хуйвалдааныг Ираны тусгай алба бэлтгэлээ гэсэн хачин гэмээр мэдээнээс эхэлсэн юм. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн илтгэл түүнийг залган авсан байв. Жил хүч тэнхээгээ харуулснаар эхэлсэн билээ. Америкийн флот бүс нутагт идэвхжив. Хариуд нь Иран Ормузын хоолойгоор дамжих нефтийн тээврийн замыг хаана гэлээ. Пентагоны тэргүүн тэгвэл түүнийг дайны эхлэл болно гэж анхааруулав. Израильд ч Ираны цөмийн асуудлыг хүчээр зогсоох талаар ч дуугарч эхлэв. Дараа нь энэ бүгд нь сорогдон алга болж, Иран хэлэлцээрийн ширээнд сууна гэлээ. Тэгээд л бүгд санаа нь амарч хэлцлийнхээ “үр дүнгүй” шинэ ээлжинд орцгоолоо.
Бургасын дэлбэрэлт бол Саудын элчинг хөнөөх гэсэн шиг зохиомол биш өөрийн хохирогчид ба хэлмэгдэгсэдтэй бодит аллага юм. Нетаньягу энэ хэрэгт Ираныг буруутгасныг батлана гэдэг нь маш хүнд. Бэунос-Айресийн дэлбэрэлтийн ойтой давхцуулсан нь маш тохиромжтой өдөөн хатгалт гэж Тегеран зүтгэх болно. Гэхдээ ийм тохиолдолд баримт баталгаа нь чухал биш гол нь улс төрийн хүсэл эрмэлзэл байх болно.
Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулбал исламын ертөнцийн дургүйцлийг төрүүлэх нь ойлгомжтой. Гэхдээ дээр өгүүлснээр суннитийн вант улсууд ба Ираны хоорондын зөрчил байгаа учраас тэд цаагуураа Изральд талархалтай хандах нь мэдээж. Арабын сэрэлт гэх хөдөлгөөний дэвсгэр дээр гудамжны олон нийтийн эсэргүүцлийг тооцохгүй орхиж болохгүй юм. Израилийн эсрэг санаа бодлын дэлбэрэлт тухайлбал, Египетийн хувьд асуудал гаргаж магадгүй. ХАМАС хөтөлгөөн Дамаскаас мөн Иранаас зай барьсан ч Палестинд эсэргүүцэл гарах нь ойлгомжтой.
Олон зүйл АНУ-ын байр сууринаас хамаарна. Тэд Израилийг барихаар оролдохыг хичээх нь бас ойлгомжтой. Гэлээ ч Израиль Ираны цөмийн бөмбөгийг өөрийн гол аюул гэдэгт бүрэн итгэж буй учраас АНУ энэ тааламжтай үеийг зөнгөөр нь орхин азаа үзэхийг үгүйсгэх аргагүй.
Байдал ямар ч байсан Ойрхи Дорнод үндэсний, бүс нутгийн ба даяарчллын сонирхол бөөгнөрсөн зангилааг тайлах шинэ үедээ орж байна.
Шии́түүд
Шии́түүд нь “Али ибн Абу Талиб” ба түүний үр садыг их зөнч Мухаммедын хууль ёсны залгамжлагчид, санаа бодлынх нь дагалдагч гэж үздэг нийгмийн нэг хэсэг бүлэг юм. Тодруулбал, “шиитүүд-12” гэх дагалдагч нарынх нь тоогоор нэрлэгдсэн лалын шашины хоёр дахь том урсгал гэж хэлж болно. Янз бүрийн үнэлгээгээр шиитүүд нь мусульман хүмүүсийн 10-20 хувь болдог. Тэдний онцлог нь мусульман нийгэмлэгийг их зөнчийн үр удмынхан Али ибн Абу Талиб ба түүний охин, Мухаммад Фатима нарын үр сад болох бурхны эрч гэгдэх имамууд захирах ёстой гэдэг. Шиитүүд нь уламжлалаар хоёр том хэсэг болдог байна. Төвийг сахигч үзэлтэй зейдитууд, хэт радикал алавитууд болон исламистууд тэр бүлгүүдийг бүрдүүлнэ.
Суннитүүд
Сунни́түүд (Арабаар, أهل السنة Ахль ас-Сунна-суннын хүмүүс) гэдэг нь лалын шашины хамгийн олон хүнтэй урсгал юм. Зарчим болон хуулийн шийдвэр, баяр наадам, харийн шашинд хандах хандлага, мөргөл айлтгал зэргээр мэдэгдэхүйц ялгаатай.
Суннитийн тоо нь лалын шашинтнуудын 90 хүртэл хувь болон бараг тэрбум хүн байна. Халифын засаглалтай орнуудын дээд засаглал нь нийт нийгэмлэгийн сонгосон халифуудад байх ёстой гэж тэд үзнэ. Шиитүүд нь хууль ёсны гэж их зөнч Мухаммедын зааврыг дагах бөгөөд түүний үеэл Алигийн төрлийнхөн засаг барих ёстой гэдэг бол суннитийн лам нар шашин ба нийгмийн чухал асуудлаар өөрсдийн шийдвэрийг гаргадаггүй. Ийм маягаар тэд зөвхөн ариун судрын сэдвийг л номлож байх ёстой болдог байна. Их зөнч Мухаммедаас өмнө араб омгийнхон өөрсдийн “сунну”-тай байв. Тэр нь эцгийн ёст нийгмийн ёс зүй ба хуулийн “ердийн журам” юм. Өмнөх үеэс нь уламжлагдан иржээ. Хэрэв тэд шийдвэрээ Коран судраас олохгүй бол их зөнчийн тэр талаар хэлсэн үгээр (сунна) шийдвэрээ гаргана. Бүр хэцүү тохиолдолд “шудрагаар шийдэх” шүүгчийн (рай) үгийг авдаг байв. Лалын нийгэмлэг үүсч байсан эхэн үед, Коран судрыг баримтлагдсан хэм хэмжээ болгох, Их зөнчийн жишгийг (суннууд) ашиглах, шийдвэр гаргах эрхтэй факихын бие даасан бөгөөд Коран ба суннад харшлахгүй шийдвэрийг авах зэрэг гурван хандлага тодорсон байна.
Суннитууд ч шиитүүд ч тэмцлийн ямар ч арга барил хэрэглэдэг бөгөөд тэдэнд “ардчилагчид”, “суурь үзэлтнүүд” гээд тусгаарлагдаад байх зүйл огт үгүй. Эндээс л арабын хавар нь нийгэм, түүхийн шалтгаанаас гадна шашины ихээхэн нөлөөтэйг харуулж байгаа. Ер нь бол лалын ертөнц нь шашинаа улс төрөөс маш болгоомжтойгоор тусгаарлахыг хичээдэг.