УИХ-д шинээр сонгогдсон гишүүд өөрийн гэсэн өрөөтэй болж төвхнөж байгаа юм байх. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Төрийн ордны хоёрдугаар давхар, хуучнаар Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн С.Баярцогтын өрөөнд төвхнөсөн бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар дөрвөн давхрын 411 дугаартай, өмнө нь Баян-Өлгий аймгаас сонгогдож парламентад сууж байсан Х.Жекейгийн өрөөнд оржээ. С.Ганбаатар гишүүн тухалсан өрөөндөө сэтгэл нэлээд өндөр байгаа бөгөөд орсон, гарсан хүнд “Гишүүн нь Х.Жекей генералын өрөөнд төвхнөсөн болохоор ихэд билэгшээж байгаа шүү” хэмээн гайхуулж буй гэнэ. УИХ-д шинээр сонгогдсон гишүүд өрөөгөө жижиг, том хэмээн голохгүй байгаа бол ахин сонгогдсон архаг гишүүд өрөөгөө томруулж, сайжруулах гээд л бяцхан амбиц хүртэл гаргаад авч. Зарим нь өрөөгөө өөр намын хүнд өгөхгүй гэж ирээд л намчирсан тухай яригдаад байна лээ. УИХ-ын гишүүн Ч.Улаан УИХ-ын гишүүн асан С.Баярын өрөөнд, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ Л.Гүндалайгийн өрөө рүү нүүж оржээ. Нэг хэсэг нүүдэл суудал тасрахгүй нэлээд бужигнаж байсан гишүүдийн орон байрны асуудал одоо л нэг цэгцрэх бололтой. За тэгээд цаашлаад, УИХ ын анхдугаар чуулган өнгөрсөн баасан гарагт хуралдах байсан ч МАН ынхан “УИХ-ын даргыг томилох асуудлыг бидэнтэй зөвшилцсөнгүй” гэх нэрийн дор хуралдаа оролгүй ажил хаясан. Хуульд заасан уламжлалаар УИХ ын чуулганыг МАН ын хамгийн өндөр настай 70 насны босгыг хэдийнээ давсан Д.Дэмбэрэл гишүүнд нээх цор ганц эрх байсан аж. Гэвч УИХ ын чуулганыг нээх хүндтэй эрхийг эдэлсэн эрхэм гишүүн маань энэ удаад намынхаа эрх ашгийг эн түрүүнд тавин хуралдааныг гацаанд оруулж, алхаа ганц сайн цохичихоод алга болоод өгсөнд Ардчилсан намынхан ихэд халагласан сурагтай. Зарим гишүүд нь бүр “Манайх ядаж ганц хөгшин гишүүнтэй байсан болоосой. Р.Гончигдорж гишүүний насыг нэмээд, нэмээд Д.Дэмбэрэл даргын насны хаана ч үгүй юм даа” гэж харамссан гэх.
Бас нэг сонин хачин гэвэл өмнөх УИХ-ын зарим гишүүд албан хэрэгцээнд өгсөн IPAD-аа тушаалгүй аваад арилсан гэнэ. Арай ч дээ, манай улстөрчид IPAD хүртэл хулгайлах дээрээ тулчихсан гэхээр. Албаны юмыг аваад арилна гэдэг хулгайлж байгаагийн нэр хэлбэр биз дээ. Уг нь анх өгөхдөө л хувийн хэрэгцээнд ашиглах, хэн нэгэнд бэлэглэхийг хориглосон гэнэм. Гэтэл манайхан хүний юм, үнэгүй юманд нугасгүй болохоороо л тэр байхгүй юу. Тэдэнд IPAD авчих мөнгө байхгүй л байв гэж дээ. Авсан юм аа буцааж өгөх соёлыг улстөрчид уландаа гишгэдгийн нэг жижигхэн жишээ энэ шүү дээ. Саарал ордонд болж буй сайн,муу ховууд цаашдаа ч тасрахгүй нь тодорхой.