Рашаан сувилалд амармаар байна уу

Хуучирсан мэдээ: 2012.07.23-нд нийтлэгдсэн

Рашаан сувилалд амармаар байна уу

Урин дулааны өдрүүдэд ахмад настнууд болон нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх хүсэлтэй хэн бүхэн сувиллын газрыг зорьдог. Учир нь байгалийн болон уламжлалт арга буюу зүү төөнүүр, шавар, бариа заслаар ямар ч өвчнийг анагааж болно гэж эрт үеэс энэ эмчилгээний арга барилыг үнэлсээр ирсэн билээ. Одоогоор Монгол Улсад тогтоогоод байгаа 250 орчим ангаах увидастай нуур, рашаан төст булаг байдаг ажээ. Тэгвэл улсын хэмжээнд 16 рашаан сувилал албан ёсны бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүний хоёр нь элсний сувилал, 14 нь рашаан, шаварт түшиглэсэн сувилал гэнэ. “Оргил”, “Шаргалжуут”, “Хужирт”, “Жанчивлан”, “Аварга тосон” гээд томоохон зургаан сувиллаар жилдээ 40 гаруй мянган хүн эмчлүүлдэг байна. Сувилалд хэвтэн эмчлүүлж буй хүмүүст төрөөс ямар хөнгөлөлт үзүүлдэг тухай албаны хүнээс тодруулахад, Нийгмийн халамжаас магадлан итгэмжлэгдсэн рашаан сувилалд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эмчлүүлсэн тохиолдолд эмчилгээний нийт төлбөрийн 50 хувьтай тэнцэх мөнгийг эргүүлэн олгодог ажээ. Ингэхдээ сувилалд хэвтэн эмчлүүлсэн баталгааны бичгээ үзүүлээд, хөнгөлөлтөө авах юм байна.

Ахмад настнуудын ихээр зорьдог төрийн өмчит “Оргил” рашаан сувиллын газар одоогоор засвартай байгаа гэнэ.

“Аварга тосон” сувилал:

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг, далайн төвшнөөс дээш 1250 метрт Улаанбаатар хотоос 203 км-т оршдог. Тосон нуурын рашааны химийн найрлага нь карбонат гидрокарбонат –хлорид, натри, калцийн найрлагатай содатай нуур ажээ. “Аварга”-ын рашаан нь дээрх найрлагаас гадна нүүрсхүчлийн хийтэй хүйтэн рашаан юм. Энэ нь ходоодны архаг үрэвсэл, 12 нугалаа гэдэсний хүндрэлгүй шархлаа, гэдэсний архаг үрэвсэл, элэг цөс, нойр булчирхай, бодисын солилцооны архаг өвчин болон цус багадалтыг эмчлэхэд тохиромжтой юм байна. “Аварга тосон”-ы сувилал улирлын чанартай буюу зургадугаар сарын 14-нөөс есдүгээр сарын 16-ны хооронд ажилладаг юм. Нэг ээлжиндээ 60-250 хүн хүлээн авах хүчин чадалтай ажээ.  

Шаргалжуут:

Шаргалжуутын халуун рашаан нь байгалийн өвөрмөц сонин тогтоц, анагааж эмчлэх чадвараараа дэлхийд хосгүй рашааны нэгэнд тооцогддог гэнэ.

Рашааны үндсэн ундаргаас баруун урд орших рашаан нь 60 хэмийн халуунтай, хүхэрлэг шавартай тул рашааны болон шаврын эмчилгээг хослох боломжтой гэнэ. Шаргалжуутын рашаан нь найрлагаараа Румын улсын Геркуланы рашаан, Болгар улсын Горна Баня, Кюстендил, ОХУ-ын Кульдур, Дорнод Сибирийн Талая зэрэг рашаантай төсөөтэй ажээ. Шаргалжуутын рашаан арьсан дахь мэдрэлийн судсыг цочроож мэдрэлийн цусны хөдөлгөөн, бодисын солилцоо, дотоод шүүрлийн ажиллагаанд өөрчлөлт үзүүлэх тул үе мөчний архаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн болон арьсны зарим өвчин, амьсгалын замын өвчнийг эмчлэхэд тохиромжтой юм байна. Харин тархи судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, дахилттай болон хүндрэлтэй явцтай, шок болон зүрхний хүнд шигдээсийн дараах үе, артерийн даралт ихдэх өвчний II Б, түүнээс дээд шат, зүрхний байнгын хүнд хэлбэрийн илрэлийн үед тус рашааныг хэрэглэх нь зохимжгүй ажээ. Жилд дунджаар 3500- 4000 гаруй хүн хүлээн авч эмчилгээ сувилгаа хийдэг гэнэ. Энэ сувилал нь байнгын ажиллагаатай бөгөөд нэг ээлжиндээ 90 хүн хүлээн авах хүчин чадалтай юм байна.
 
Гурван нуурын рашаан сувилал:

Энэхүү рашаан нь Онон Балж голын сав газар, эзэн Чингис хааны мэндэлсэн Дэлүүнболдог хэмээх газрын өвөрт нарсан ойгоор хүрээлэгдсэн холбоо гурван нуурын хойно буюу Хэнтийн Дадал сумын нутагт далайн төвшнөөс дээш 1300 метрт, Улаанбаатараас 540 километрт байдаг ажээ. Гол төлөв амьсгалын эрхтний архаг өвчин, уушигны хагалгааны үлдэц, мөгөөрсөн хоолойн багтраа, мэдрэлийн сульдал, үе мөчний өвчнүүдийг эмчлэхэд онцгой тохиромжтой юм байна. Харин тархины судасны хатуурлын гүнзгийрсэн хэлбэр, зүрхний шигдээсийн дараах үед тохиромжгүй гэнэ. Энэ рашаан нь дөрөвдүгээр сарын 20-ноос 11 дүгээр сарын 1-ний хооронд улирлын чанартай ажилладаг бөгөөд нэг ээлжиндээ 200-250 хүн авах хүчин чадалтай. Рашаан сувиллын үнэ хоногийн 8500 төгрөг /зөвхөн эмчилгээний төлбөр/ гэнэ. Сувилал руу очихын тулд Нарантуул захын дэргэдээс Хэнтий аймгийн Дадал явах унаанд сууж ирэх боломжтой ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж