Монгол Улсад инфляцийг зохицуулах маш том бодлого хэрэгждэг. Төрийн мөнгөний бодлого гэж. Харамсалтай нь тэр том бодлого нь жижигхэн эдийн засагтай улсынхаа зах зээлд гарч буй сөрөг үзэгдлүүдийг хумиж чаддаггүй. Хэрэвзээ Төрийн мөнгөний бодлого нь сахилга баттай, төсөв нь тогтвортой байсан бол инфляци хоёр оронтой тоо руу шилжихгүй ч байж болох байлаа. Эдийн засаг өнөөдөр юунаас болоод халуурч, инфляци ямар учраас дээшээ дэвхцээд байгааг энгийн хүн ч ойлгохоор тодорхой байгаа л даа. Томоохон банкир, нэртэй эдийн засагч гэлтгүй зах дээр оймс зараад сууж байгаа нөхрөөс асуухад л хэлээд өгөх биз.
Өнгөрсөн дөрвөн жил Монгол Улсын төсөв улстөрчдийн амлалтыг биелүүлэхэд чиглэгдсэн. Зардал нь орлогоосоо нэг их наядаар давж, түүнийгээ нөхөхийн тулд Монголын төр одоо ч шар махтайгаа хатаж буй нь худлаа биш. Цаашдаа ч нэлээд юм болж байж л 500 тэрбумын алдагдалтай гарчихаад байгаа төсвийнхөө алдагдлыг нөхөх байлгүй. Ямарч байсан хамгийн тодорхой зүйл нь инфляцийн инерци цаашдаа ч буурахгүй л болов уу. Учир нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг авахгүй гэсэн иргэдийн мөнгийг бэлнээр тараагаад эхэлбэл, инфляци улам л эрчимжих болно. Төсвийн эх үүсвэрт дарамт ирэхээс гадна эдийн засаг ч хямарч магадгүй болоод байна.
Иргэн бүрт сар бүхэн 21 мянган төгрөг тарааж, хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийг бэлнээр олгосон хүнсний бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж, инфляцийн дарамтыг нэмэгдүүлжээ гэдэг нь доорх хүснэгтээс харахад л андашгүй байна. Тэгэхээр инфляциас яаж амархан хагацах вэ гэдгийг том бодлогоор биш энгийн хар ухаанаар бодоход их л амархан санагдах. Нэг үеэ бодоход Монгол Улс хүнсний голлох бүтээгдэхүүнээ гаднаас авахаа бараг больсон шүү дээ. Мах, гурилаа үйлдвэрлэж, төмс ногоогоо өөрсдөө тарьдаг болсоор удаж буй. Өөрөөр хэлбэл, инфляцид нөлөөлдөг гадны нийлүүлэлтийн шок одоогоор Монголын эдийн засагт алга байна. Тэгвэл инфяцийн өсөлтөд 73.6 хувиар нөлөөлж буй хүнсний бараа бүтээгдэхүүний өсөлтийн шалтгаан юу вэ. Засгийн газар бэлэн мөнгө их хэмжээгээр тарааснаас болоод эрэлт нэмэгдэж, тэрхүү эрэлтээс улбаатай инфляци эдийн засагт тогтворгүй байдал үүсгээд буй юм. Инфляци яагаад нэмэгдээд байна вэ гэдгийг ярихаасаа өмнө махны үнийг хэрхэн бууруулах боломжийг хайвал илүү үр дүнд хүрэх байх. Инфляцийг бараг зуун хувь тэжээх нь холгүй байгаа хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтийг дийлэнх нь махных гэдэгтээ маргахгүй биз. Махны үнэ өнгөрсөн өвлөөс бараг нэг дахин өсчихөөд байгаа бөгөөд 40 сая малтай Монгол Улсын хоёр сая 700 мянган хүн ам мах идэж дийлэхгүйд хүрнэ гэдэг үнэндээ ичгэвтэр хэрэг юм. Төрийн зохицуулалт энэ салбарт алга байгаагийн тодхон жишээ энэ байх. Инфляцийн өсөлт, үнийн дарамт уг нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хол хөндий асуудал биш баймаар. Тэр тусмаа салбарт нь үнийн хөөсрөл нүүрлэж, инфляцийг ийм хурдтайгаар эрчимжих гол шалтгаан болчихоод байхад шүү дээ. Хүний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг барих үндсэн бодлогыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам л хэрэгжүүлэх ёстой биш гэж үү. Төрийн сул хаяж байгаа их мөнгөний үнэрээр ченжүүд махны салбарт дуртай тоглолтоо хийж, салбарын яамнаас махны үнэ хэрэглэгчдэд очиход зургаан шат дамжлага дамждагаас болж байна гэх ухааны юм яриад сууж байх нь хэр зохистой үйлдэл болохыг хэлж мэдэхгүй байна. Уг нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам бодлогоор тэр олон шат дамжлагыг болиулах ёстой биз дээ. Ямар ч байсан хүнсний бараа бүтээгдэхүүнийн үнийн өсөлтөөс болоод инфляци ийм өндөр гарах болсон нь энэ яам ажлаа хийж чадсангүй гэсэн дүгнэлтийг хийхэд хүргэж байна. Түүнчлэн хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нүдээ хөхөртөл харуулдан байгаа нэг сая төгрөгийн үлдэгдэл дээр “Эрдэнэс Таван толгойн” хувьцааг бус бэлэн мөнгөө авна гэдгээ илэрхийлсэн нэг сая 500 мянган иргэний хүсэлтийг барагдуулна гэвэл инфляци хэдэд хүрэхийг чөтгөр бүү мэдээ. Дээрээс нь гурваас дээш хүүхэдтэй эхчүүдэд сар болгон цалин өгч, ихэр хүүхдүүдэд мөнгө өгнө гээд улстөрчид солиороод эхэлбэл улс орны эдийн засгийн хөгжлийн тухай ч дурдалтгүй болох байлгүй.
УЛСЫН ИНФЛЯЦИЙН ЗАДАРГАА
УЛААНБААТАР ХОТЫН ИНФЛЯЦИЙН ЗАДАРГАА