Озэки Харумафүжи гурав дахь түрүүгээ авлаа

Хуучирсан мэдээ: 2012.07.22-нд нийтлэгдсэн

Озэки Харумафүжи гурав дахь түрүүгээ авлаа

Японы мэргэжлийн сумо бөхийн долдугаар сарын нагоя башёгийн сүүлийн өдрийн барилдаан өндөрлөж, озэки Харумафүжи Д.Бямбадорж макүүчи буюу дээд зиндаанд гурав дахь түрүүгээ авлаа. Өнгөрсөн жилийн нагоя башёд мөн түрүүлж байсан озэки башёгийн сүүлийн өдрийн барилдаанд их аварга Хакухо М.Даваажаргалтай учраа тааран барилдаж, ёрикири мэхээр давсан юм. Башёгийн сүүлчийн барилдаан хүртэл Хакухо, Харумафүжи нар хоёул 14-0 гэсэн амжилттай байсан билээ. Ингээд эцсийн барилдаан бүхнийг шийдэж, озэки Харумафүжи нутгийн бөх, их аварга Хакухог давснаар Японы Эзэн хааны цомыг гурав дахь удаагаа гардах эрхтэй болов. Онцлог нь тэрбээр анх удаа 15 барилдааны турш нэг ч ялагдалгүй, 100 хувийн амжилтаар тэргүүлж байгаа юм.

Нагоя башёгийн түрүү бөх Харумафүжигийн барилдааны дүнг танилцуулъя.

Эхний өдөр: Аойяма /ошидаши/
2 дахь өдөр: Мёогирюү /ошидаши/
3 дахь өдөр: Точиозан /шитатэнагэ/
4 дэх өдөр: Кёкүтэнхо /уватэнагэ/
5 дахь өдөр: Окиноуми /ёрикири/
6 дахь өдөр: Гоэйдо /какэнагэ/
7 дахь өдөр: Шохозан /ёритаоши/
8 дахь өдөр: Тоёоношима /ошидаши/
9 дэх өдөр: Баруто /уватэдашинагэ/
10 дахь өдөр:
Котошогикү /сукуинагэ/
11 дэх өдөр: Кисэносато /ёрикири/
12 дахь өдөр: Какурюү /уватэнагэ/
13 дахь өдөр: Кайсэй /ошитаоши/
14 дэх өдөр: Котоошю /ошидаши/
15 дахь өдөр: Хакухо /ёрикири/

Макүүчи зиндаанд зодоглосон Монголын бусад сумочдын тухайд их аварга Хакухо М.Даваажаргал 14-0, озэки Какурюү М.Ананд 9-6, Кёкүтэнхо Н.Цэвэгням 2-13, Тамаваши Б.Мөнх-Оргил 4-11, Токитэнкү А.Хүчитбаатар 9-6, Шотэнро Д.Нямсүрэн 7-8 гэсэн амжилтаар нагоя башёг өндөрлүүлэв.

С.ЦЭЛМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж