Тэгвэл Сэлбийн хос гүүрийн засвар шинэчлэлтийн ажил эхэлсэнтэй холбоотойгоор мөн л урд гүүрний хөдөлгөөнийг хязгаарласан. Урд гүүрийг шинэчлэх ажил ирэх есдүгээр сарын 7-н хүртэл үргэлжлэх бол хойд гүүрийг шинэчлэх ажил мөн өдрөөс эхэлж арваннэгдүгээр сарын 30-н хүртэлх хийгдэхээр төлөвлөгджээ. Гүүрийг шинэчлэх ажлыг “Мотор сервис” ХХК гүйцэтгэж буй юм байна.
Авто замыг шинэчлэх ажил хийгдэж байгаа гурав дахь газар нь Сүхбаатарын гудамж буюу Засгийн газрын ордны баруун урд уулзвараас Байгалийн түүхийн музейн урд уулзвар хүртэлх 200 м авто замыг нэрлэж болно. Долдугаар сарын 24-н хүртэл авто зам хаалттай байна. Тэр хүртэл дээрх авто замыг шинэчлэх ажлыг гүйцэтгэхээс гадна ус зайлуулах байгууламж барих, холбоо, цахилгааны шугам сүлжээг байршуулах зэрэг хэд, хэдэн ажил давхар хийгдэнэ. Гүйцэтгэгчээр нь “Наранбулаг-Хан” ХХК ажиллаж байгаа аж.
Олны нэрлэж заншсанаар Тээврийн товчооноос- Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх 0.3 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил эхэлсэн тул замын зүүн талын урсгалыг хэсэгчлэн түр хугацаагаар мөн хаажээ. Энэ сарын 18-ны өдрөөс эхэлсэн хязгаарлалт 14 хоног үргэлжлэх аж. Өөрөөр хэлбэл, ирэх наймдугаар сарын 1-нд хөдөлгөөний хязгаарлалт дуусна гэсэн үг. Эл ажлыг "Тосгол" ХХК гүйцэтгэж байгаа юм байна.