Бээжинд хүчтэй аадар бороо оржээ

Хуучирсан мэдээ: 2012.07.22-нд нийтлэгдсэн

Бээжинд хүчтэй аадар бороо оржээ

БНХАУ-ын нийслэл Бээжинд өнгөрсөн 60 жилийн хугацаанд ороогүй хүчтэй аадар бороо “асгаж”, их хэмжээний хохирол учруулжээ. Аадар бороо өчигдөр өдрөөс эхлэн орж, шөнө болтол үргэлжилсэн байна. Энэ үеэр айлуудын байшингийн дээвэр нурж, аянга цохиж, цахилгаан дамжуулах шон унаж, эдгээрт өртөн 10 хүн нас баржээ. Мөн аадар борооны улмаас Бээжингийн гол гол авто замууд усанд автсан төдийгүй 500 нислэг цуцлагдаж, мянга мянган зорчигч бороо зогсохыг хүлээж, зорчих боломжгүйд хүрчээ.

Түүнчлэн Бээжингийн Фаншан дүүрэгт 460 мм бороо орсон бол нийслэл даяар дунджаар 170 мм бороо оржээ. Бээжингийн алслагдсан дүүргүүдийн ихэнхи нь усанд автаж, эдгээр дүүргүүдээс 14500 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Хятадын Шанси аймагт дөрвөн хүн, Сичуан аймагт зургаан хүн газрын нурангид даруулж, үерт живж нас баржээ. Цаашдаа Хятадын ихэнхи нутгуудыг хамарсан хүчтэй аадар бороо орж, цаг агаар эрс сэрүүсэх хандлагатай байгаа тухай Бээжингийн website-д мэдээлсэн байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж