Алдарт дуучин Pink буюу Алиша Мур ээж болсноосоо хойш их даруу, эмэгтэйлэг имижтэйгээр фэнүүддээ харагдах болжээ. Өдгөө 32 настай алдарт дуучин маань өнгөрч буй долоо хоногт Лос-Анжелес хотноо дөнгөж гуяа давсан цэцгэн хээтэй эрээн палаажтай явж харагджээ. Тэрбээр хөлдөө энгийн сандаал өмсч, ногоон хүрээтэй хар шил зүүсэн байсан гэнэ. Богино үсний засалтыг нь үл харгалзваас түүний энэхүү хувцаслалт нь тавиад оны загварыг санагдуулам үнэхээр содон байжээ. Ялангуяа цэцэгтэй даашинз нь түүнийг их даруухан бүр поп, рок дуучин гэхээргүй харагдуулж байсан гэнэ. Pink өнгөрсөн жил охин Уиллоу Сейджийг төрүүлснээсээ хойш намба суусан бололтой. Тэрбээр одоо “The Truth About Love” хэмээх зургаа дахь шинэ цомог дээрээ ажиллаж байгаа аж. Энэхүү цомог нь ирэх есдүгээр сард бэлэн болох юм байна. Хамгийн сүүлд тэр 2008 онд “Funhouse” нэртэй цомгоо гаргаснаас хойш уран бүтээлээ түр завсарлаад байсан билээ.
Б.АНХТУЯА