АН-ынхан хөгшин гишүүнгүйдээ харамсчээ

Хуучирсан мэдээ: 2012.07.22-нд нийтлэгдсэн

АН-ынхан хөгшин гишүүнгүйдээ харамсчээ

УИХ‑ын анхдугаар чуулган өнгөрсөн баасан гарагт хуралдах байсан ч МАН‑ынхан “УИХ-ын даргыг томилох асуудлыг бидэнтэй зөвшилцсөнгүй” гэх нэрийн дор хуралдаа оролгүй ажил хаясан билээ. Дээр нь хуульд заасан уламжлалаар УИХ‑ын чуулганыг МАН‑ын хамгийн өндөр настай 70 насны босгыг хэдийнээ давсан Д.Дэмбэрэл гишүүнд нээх цор ганц эрх байсан юм. Гэвч насны эрэмбээр УИХ‑ын чуулганыг нээх хүндтэй эрхийг эдэлсэн эрхэм гишүүн маань энэ удаад МАН‑ынхаа эрх ашгийг эн түрүүнд тавин хуралдааныг гацаанд оруулж, алхаа ганц сайн цохичихоод алга болоод өгсөнд Ардчилсан намынхан ихэд халаглажээ. Зарим гишүүд нь бүр “Манайх ядаж ганц хөгшин гишүүнтэй байсан болоосой. Р.Гончигдорж гишүүний насыг нэмээд, нэмээд Д.Дэмбэрэл даргын насны хаана ч үгүй юм даа” гэж халаглацгаасан сурагтай. 1990 онд Ардчилсан хувьсгалыг цэл залуухан насандаа эхлүүлж байсан Ардчилсан намынхны хувьд улам л залуужина уу гэхээс хөгшин гишүүнтэй байх хувь цаашид ч ховор биз. Уг нь тус намд хамгийн хөгшинд тооцогдож болохуйц, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа бий, гэхдээ тэрбээр УИХ‑д нэр дэвшихээс сайн дураараа татгалзаж, сонгуулиар залуучуудаа дэмжсэн.  Тэгэхээр Ардчилсан нам сургамж авч дараагийн сонгуулиар УИХ‑ын чуулган нээх хөгшин гишүүнтэй болохгүй бол МАН‑ын настайчууд олон жил энэ мэтээр саад болж мэдэхдэг шүү.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж