Саяхан даа, сонгуулийн өмнө зарим эвслээс нэр дэвшигч нарыг Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасныг бүгд мэдэж байгаа. Тэдгээр хүмүүс уг шийдвэрийг эс зөвшөөрч байгаагаа мэдэгдэн, хаана гомдол гаргахаа шийдэн ядан байж байгаад Үндсэн хуулийн цэцийг сонгон өргөдөл гаргажээ. Цэцийн гишүүн уг өргөдлийг хүлээн авсангүй. Гэхдээ ямар үндэслэлээр хүлээн аваагүй вэ гэдэг нь одоогоор тодорхой бус. Ямар ч байсан хүлээж аваагүй. Үүнийг өргөдөл гаргагч тал эс зөвшөөрч мөнхүү Цэцэд давж гомдол гаргажээ. Хэвлэлээр мэдээлснийг үзвэл Цэцийн бага суудлаас уг гомдлыг хэлэлцэхэд хангалттай нотлох баримт хэрэгтэй гээд хугацаагүйгээр хойшлуулсан гэх. Үүгээр өргөдөл гаргасан нэр дэвшигч нарыг бүртгэхээс татгалзсан нь зөв эсхүл буруу гэдгийг хөндөх гэсэнгүй, харин уг өргөдлийг хүлээн авч, маргаан үүсгэх эрх Үндсэн хуулийн цэцэд байна уу, үгүй юу гэдгийг л өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан СЕХ-ны шийдвэртэй холбоотой маргаан нь ҮХЦ-д харъяалагдах эсэх нь хуулийн гаргалгаа шаардсан, цэвэр эрх зүйн асуудал учраас хөндөж буй юм.
Монгол Улсын Үндсэн хуульд Цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих байгууллага гэж заасан юм. Иймд дээд хяналт гэдэг нэр томъёог тайлбарлах шаардлага гарах бөгөөд энэ нь хууль зүйн утгаараа Үндсэн хуулийн эрх зүйн хүрээнд хяналт тавихыг хэлж буй, мөн маргааны агуулга нь Үндсэн хуулийн эрх зүйн шинжтэй байхад түүний утга агуулга оршиж буй юм. Үндсэн хуулийн эрх зүйн шинжтэй маргаан гэдэг бол төрийн дээд институциудын хоорондох маргаан бөгөөд шууд утгаараа хувь иргэн, төр хоёрын хоорондох маргаан хамаарахгүй гэж онолд үздэг юм. Манай Үндсэн хуулийн утга агуулга ч ийм байгаа болно. Дээр дурдсан нэр дэвшигчдийн Цэцэд гаргасан өргөдөл бол нэгдүгээрт, Үндсэн хуулийн эрх зүйн бус, харин Захиргааны эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан болно. Учир нь төрийн аль ч байгууллагаас хийдэг хувь иргэн, хуулийн этгээдтэй холбоотой бүртгэлийн асуудал нь захиргааны журам гэх өргөн ойлголтын хүрээнд хамаарч Захиргааны эрх зүйгээр зохицуулагддаг. Хоёрдугаарт, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хэдийгээр СЕХ гаргасан боловч, СЕХ-ны шийдвэр болгон ҮХЦ-д харъяалагдахгүй. Гагцхүү Үндсэн хуулийн эрх зүйн шинжтэй маргааныг агуулж буй шийдвэр л Цэцэд харъяалагдана. Харин энэ тохиолдолд хувь иргэн, төр хоёрын хоорондох маргаан байх тул Үндсэн хуулийн эрх зүйн шинж чанаргүй буюу дээд хяналт тавих Цэцийн чиг үүрэгт хамаарахгүй, харъяалагдахгүй болох юм. Иймд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай СЕХ-ны шийдвэртэй холбоотой маргаан нь ҮХЦ-ийн эрх хэмжээнд хамаарахгүй тул хуулиар харъяалуулаагүй маргааныг хүлээн авч хянан шийдвэрлэх эрх ҮХЦ-д олгогдоогүй. Цэц хэргийн харъяаллын талаар тогтоосон хуулийн дэг журмыг бусниулж, замбараагүй байдлыг бий болгож, дур зоргыг өдөөн турхирч болохгүй. Шүүгч хэргийн харъяаллыг зөрчиж байна гэдэг нь үүний наад захын илрэл юм.