Эвслийн Засгийн газрыг ҮЗХ-гоор батламжилна

Хуучирсан мэдээ: 2012.07.22-нд нийтлэгдсэн

Эвслийн Засгийн газрыг ҮЗХ-гоор батламжилна

Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан өнөөдөр 17.00 цагт Төрийн ордны Их танхимд товлогдоод байна. Хуралдаанаар эвслийн Засгийн газрыг байгуулахтай холбоотой намуудын хооронд өрнөсөн хэлэлцээрүүдийг батламжилна гэсэн мэдээллийг эх сурвалж өглөө. Учир нь өмнөх долоо хоногт хуралдсан ҮЗХ-ны хуралдаанаас тус хорооны гишүүд Ардчилсан нам нь Засгийн газар байгуулахдаа МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтрахаас гадна ИЗНН-тай мөн хэлэлцээрийн ширээний ард суух ёстой. Ингэхийн тулд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ажлын хэсэг томилж, намуудтай хэлэлцээрт орох ёстой” гэсэн шийдвэрийг гаргасан юм. Энэ дагуу УИХ-ын гишүүн Х.Баттулгаар ахлуулсан Ардчилсан намын бүлгийн ажлын хэсэг “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ынхантай хэлэлцээрт орж, эвслийн Засгийн газрыг 75х25 харьцаагаар бүрдүүлэх шийдвэрт хүрсэн билээ. Дээрх харьцаа нь “Шударга ёс” эвсэлд сайдын дөрвөн суудал ногдож байгааг харуулж буй бол ИЗНН-д нэг сайдын суудал баттай ногдох болж байгаа юм. Харин өнөөдрийн ҮЗХ-ны хуралдаанаар энэхүү харьцааг батламжилж, ёсчилно.

ҮЗХ-ны хуралдаанаар хэлэлцэх хоёр дахь чухал асуудал нь УИХ-ыг хэрхэн гацаанаас гаргах тухай байх аж. УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан өнгөрсөн баасан гаригт товлогдож, УИХ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой байсан ч УИХ дахь МАН-ын бүлэг “бойкотоо” эхлүүлсэн нь эрхгүй хуралдааныг хойшлуулж ирэх долоо хоног хүртэл сунжрахаас аргагүйд хүрээд буй юм. Эх сурвалжуудын дамжуулж байгаагаар бол УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс Өвөрхангайн хоёр нэр дэвшигчээ баталгаатай болгохын тулд УИХ-ын даргын албан тушаалаар барьцаа хийж, зөвшилцөл шаардсан гэх. Хэрвээ тус нам С.Чинзориг, Ш.Төмөрхүү нарын тангаргыг өргүүлж чадвал УИХ-д 27 уулаа болох бололцоотой. Намар болох дахин сонгуулийн үеэр нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт ялж чадвал бүр 29 гишүүн парламентад суух бололцоо бүрдэнэ. Энэ нь УИХ дахь Ардчилсан нам 31, УИХ дахь МАН-ын бүлэг 29 суудалтайгаар парламентад үйл ажиллагаа явуулах бололцоо бүрдэнэ гэж МАН-ынхан үзэж байгаа билээ. Гэвч УИХ дахь Ардчилсан намын бүлэг Өвөрхангайн тойргийн хоёр суудлаа хамгаалах байр суурийг хатуу барьж буй юм. Шүүхийн төдийгүй бусад холбогдох байгууллагуудын гаргасан шийдвэрээр бол МАН-аас нэр дэвшигчид нь хууль зөрчсөн нь нэгэнтээ нотлогдсон тул хоёр суудлыг УИХ-ын даргын томилгоонд барьцаалагдаад өгчих нь Ардчилсан намд дэндүү хохиролтой, тиймээс энэ удаагийн хуралдаанаас гаргах бас нэгэн онцгой гарц нь парламент дахь хоёр суудлаа хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал болж хувирчээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж