2008 оны Бээжингийн олимпийн талбайн теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ын теннисчид шилдэг нь байж алт, мөнгө, хүрэл медалийг хүртэж байлаа. Энэхүү онцгой ялалтын эзнээр 2000 оны Сиднейн олимпийн мөнгөн медальт Елина Дементьева (алт), Динара Сафина (мөнгө), Вера Звонарева (хүрэл) нарын шилдэгүүд хүртэж байсан аж. Дээрхи шилдэгүүдээс Елина Дементьева 2010 онд зодог тайлсан бол, 2009 онд дэлхийн чансааг тэргүүлж байсан Динара Сафина бэртлийн улмаас жигд тоглож чадахгүй байгаа билээ. Вера Звонаревагийн хувьд өдгөө дэлхийн чансааны 13-т эрэмбэлэгдэж байна.
Харин Лондонгийн олимпийн ОХУ-ын бүрэлдэхүүнд эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Мария Шарапова (3), Вера Звонарева (13), Мария Кирилленко (15), Надежда Петрова (21) нар хүч сорихоор болжээ. Харин "Их дуулга"-ын хоёр удаагийн аварга ("US open -2004", "French Open-2009") Светлана Кузнецоваг нөөцөнд үлдээжээ. Тэрбээр бэртэлтэй байгаа Звонареваг тоглох боломжгүй болбол орлох аж. Бээжингийн олимпийн хүрэл медальт Звонаревагийн хувьд "Уимбльдон"-ы гуравдугаар тойрогт Белгийн Клейстертэй тоглож байх үед бэртэл авсан билээ.
Харин эрэгтэйчүүдийн ганцаарчилсан тоглолтод Михаил Южный (28), Николай Давыденко (44), Александр Богомолов (50) нар тоглох бөгөөд хос тоглолтод Южный Давыденко, Богомолов Турсунов нар оролцох аж.
Өдгөө дэлхийн чансааны гуравт эрэмбэлэгдэж буй ОХУ-ын нэрт теннисчин Мария Шарапов ОХУ-ын тугчаар сонгогдсон байна.
Тэрбээр энэ жилийн оны анхны “Их дуулга” болох “Австралийн нээлттэй тэмцээн”-ий шигшээд шалгарч, улмаар “Францын нээлттэй тэмцээн”-нд түрүүлж, “Их дуулга”-ын дөрөв дэхь цомоо хүртэж, мөн 2008 онд эзэмшиж байсан дэлхийн тэргүүн теннисчин хэргэмийг хүртсэн билээ. Харин тэрбээр энэ сарын эхээр “Уимбльдон”-ы дөрөвдүгээр тойрогт Германы Сабини Лицискид ялагдаж (4:6, 3:6) дэлхийн тэргүүн теннисчин хэргэмээ алдсан ч ОХУ-ын олимпийн хороо түүнд тугчны хүндтэй үүргийг өгсөн байна.
“Их дуулга”-ын дөрвөн цуврал тэмцээнд бүгдэд нь түрүүлж чадсан ("Уимбльдон-2004", "Америкийн нээлттэй тэмцээн-2006", "Австралийн нээлттэй тэмцээн-2008", "Францын нээлттэй тэмцээн-2012") түүний хувьд олимпоос медаль хүртэх л үлдээд байгаа билээ.
Sport IIIustrated-д мэдээлснээр, тэрээр өнгөрсөн жил тэмцээн уралдаанаас гадна реклам сурталчилгаа, бизнесийн орлогоосоо 26,5 сая ам.долларын орлого олж шилдэг 20 тамирчны нэгээр, тэр дундаа цорын ганц эмэгтэй тамирчин гэдгээрээ онцгорч шалгарсан байна.
Сонирхуулахад, "Их дуулга"-ын 11 цомын эзэн, Бээжингийн олимпийн ганцаарчилсан төрлийн аварга Рафаэль Надаль (3) Испаний тугчаар сонгогдсон билээ. Түүний хувьд бэртлийн улмаас Лондонгийн тэмцээнд оролцохгүй болсон. Харин Бээжингийн олимпийн хосын төрлийн аварга, "Их дуулга"-ын 17 цомын эзэн, өдгөө дэлхийн чансааг тэргүүлж буй Рожер Федерер Швейцарийн тугчаар, Бээжингийн олимпийн хүрэл медальт, "Их дуулга"-ын таван түрүүт Новак Жокович (2) Сербийн тугчаар сонгогдсон байна.