Цөмийн эрчим хүчнээс татгалзахыг уриалсан хэдэн арван мянган япончууд өчигдөр Ерөнхий сайдын ордны гадна жагсчээ. Өнгөрсөн жил болсон газар хөдлөлт, цунамийн уршгаар Японы Фукушима Даичи АЦС сүйдэж, цацраг идэвхит бодис алдагдсанаас хойш Японд цөмийн эрчим хүчний эсрэг хөдөлгөөн идэвхижсэн юм. Цацраг идэвхит бодисын алдагдал нүүрлэсэн Фукушимагийн орчмын оршин суугчид одоо ч хөл дээрээ босохоор тэмцэж байгаа аж. Японы Засгийн газар цөмийн эрчим хүчийг эсэргүүцэгчдийн дуу хоолойг сонсоогүй мэт царайлж, энэ сард цөмийн хоёр ч реакторыг ажиллуулж эхэлжээ. Түүнээс гадна Япон даяар нийт 50 цөмийн реакторыг туршихаар болсон байна. Японы Засгийн газар “Бидэнд эрчим хүч хэрэгтэй” хэмээн эсэргүүцэгчдийн амыг таглажээ. Засгийн газар нь Фукушимагийн бүсийн цацраг идэвхит бодисын алдагдлын хэмжээ хүний эрүүл мэндэд аюул учруулахаар хэмжээнд хүрээгүй гэж мэдэгдэж байгаа ч тус бүсээс нүүлгэн шилжүүлсэн оршин суугчид гэртээ хэзээ очихоо хүлээсээр байгаа юм байна. Сэргээгдэх эрчим хүчний илүү найдвартай, хямд эх үүсвэр олоогүй Япон цөмийн эрчим хүчнээс татгалзаж чадахгүй байгаа юм. Японы Ерөнхий сайд Ёшихико Нода өнгөрсөн сард ард түмэндээ хандан” Хөгжил цэцэглэлтэд хүрэхэд бидэнд эрчим хүчний хямд, найдвартай эх үүсвэр зайлшгүй чухал. Тиймээс цөмийн эрчим хүчнээс шууд татгалзвал Япон улсад өөр боломжит сонголт байхгүй” гэжээ.
Н.Энх